Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спортоор тэргүүлэгч нэг ангийнхан

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн “Бизнесийн сургууль”-ийн Нягтлан бодох бүртгэлийн гуравдугаар курсийн хоёрдугаар ангийнхан уригдлаа.

ЯГ ҮНЭНДЭЭ БИД ОЮУТАН БАЙХ ДӨРВӨН ЖИЛИЙНХЭЭ НЭГ ЖИЛИЙГ БИЕ БИЕНЭЭ МЭДЭХГҮЙ ӨНГӨРӨӨСӨН

Тэд 2017 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн нэгдүгээр курсэд элсэн орж, суралцахад нэг анги гэсэн ойлголт байгаагүй аж. Учир нь МУИС-д шинээр элсэгчид тодорхой нэг мэргэжил бус, сонирхож буй мэргэжлийн хөтөлбөр, харьяалагдах сургуульдаа элсэн ороод, эхний хичээлийн жилд МУИС-ийн ерөнхий суурийн хичээлээс сонгон суралцсаны дараа мэргэжлээ сонгох журамтай. Энэ дагуу оюутнууд ерөнхий суурь бүлгийн хичээлүүдээс эхний жил өөрийн хүсэлтээр сонгон судлаад, нэгдүгээр курсийн төгсгөлд ерөнхий суурийн хичээлийг хэр амжилттай судалснаасаа шалтгаалан мэргэжлээ сонгожээ. Тэд ийнхүү хоёрдугаар курсээсээ эхлэн нягтлан бодох бүртгэлийн тэнхимээр хаяглах болсон аж.

НЭГ ХАМТ ОЛОН БОЛОХОД БИДЭНД ТИЙМ Ч ИХ ЦАГ ХУГАЦАА ШААРДАГДААГҮЙ

Н.Амаржаргал, Б.Мөнх, С.Цээлхам, Н.Мөнхзаяа, Л.Уянга, Б.Банзрагч, Б.Хулан, Э.Мөнгөнтуул, П.Хулан, Б.Биндэрьяа, Б.Гүнж, Л.Номинзул, Б.Анхтамир, А.Итгэлт, Ц.Цэцээсүн, Б.Намуунзул, Д.Пүрэвзул, Т.Үржимбадам, Н.Хулан, Б.Хонгорзул, Б.Ичинхорлоо, Д.Дөлгөөн, Б.Үүрийнцолмон, Б.Болормаа, Д.Жамъян, Э.Цэнддорж, Э.Анударь, П.Нарантуяа, М.Хүслэн, Г.Жүгдэрнамжилмаа, С.Билгүтэй, П.Батзориг, О.Пүрэвдаваа, Г.Энэрэл, Г.Цолмон нар нэг ангийнхан. Анги удирдсан багш нь Б.Болор, ангийн дарга Л.Бат-Оргил аж.

Өмнө нь нэг сургуульд нэг жилийн турш суралцахдаа бие биенийхээ царайг ч харж байгаагүй 36 оюутан нэг ангид хуваарилагдсан нь энэ юм. Анхны ангийн хурал дээр арваадхан хүүхэд ирж, анхны урлагийн үзлэгт 12-уулхнаа оролцож байжээ. Анхандаа нэг нэгнийгээ сайн мэдэхгүй болохоор яаж ангийнхантайгаа дотно болно доо гэж боддог байсныг тэд хэлж байв. Гэвч урлагийн бага наадмын дараа спортын наадам зохиогдоход бүгд идэвхтэй оролцож алт, мөнгөн медаль авч байжээ. Тэр үеэс хойш тэд нэгдэж, жинхэнэ нэг анги болж эхэлсэн гэнэ.

Маш богино хугацаанд нэг нэгнээ сонсож ойлгодог болцгоож, найзалж нөхөрлөцгөөсөн. Нэг хамт олон болоход бидэнд тийм ч их цаг хугацаа шаардагдаагүй. Манай ангид төрөл бүрийн авьяаслаг, идэвхтэй хүүхдүүд байдаг. Тийм ч болохоороо тэмцээн уралдаанд амжилттай оролцож, олон шагнал авч байсан гэдгийг С.Цээлхам онцолсон юм.

Сонирхуулахад, нягтлан бодох бүртгэлийн тэнхим эрэгтэй оюутан цөөтэй, нэг ангид дөрвөөс таван эрэгтэй оюутан суралцдаг бол энэ анги 11 эрэгтэй оюутантай.

Бизнесийн сургууль дотроо нягтлан бодох бүртгэлийн тэнхимийнхэн коллектив сайтай байдаг аж. Тэр тусмаа энэ анги хамгийн авьяаслаг, нийтэч, хамт олонсог, инээд хөөртэй, дуу хууртай анги гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтэй хэлж байв.

Жишээлбэл, Б.Намуунзул, А.Итгэлт нар сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй, Б.Болормаа сагсан бөмбөгийн спортын хоёрдугаар зэрэгтэй. Тэрээр 2017, 2018 онд МУИС-ийн спортын бага наадамд сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, гар бөмбөгийн спортын төрөлд хүрэл медаль, мөн Архангай аймгийн оюутны их наадамд хоёрдугаар байрт орж, шилдэг тоглогчоор шалгарч байсан ажээ.

Мөн Э.Цэнддорж, О.Пүрэвдаваа, Б.Хонгорзул нар гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй. Б.Үүрийнцолмон аэробик, гимнастикийн гуравдугаар зэрэгтэй. Г.Энэрэл 2018 оны “The Voice of Mongolia” шоунд амжилттай оролцож байсан бол Б.Үүрийнцолмон “Miss mongolia-2018” тэмцээний финальд шалгарч байжээ.

Мөн Л.Номинзул сонирхлоороо англи хэлний орчуулга хийдэг. П.Хулан, Н.Хулан нар бүжиглэх авьяастай. Л.Номинзул өнгөрсөн жил анхны уран бүтээл болох “A Fairy bell in the rose gar­den” дуугаа гаргасан. Л.Бат-Оргил 2019 оны Татварын улсын олимпиадад багаараа нэгдүгээр байр эзэлж, Э.Цэнддорж МУИС-ийн бизнесийн сургуулийн теннисний аваргаар шалгарч байжээ. Тэд анги хамт олноороо сургууль болон тэмхимийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсоор иржээ.

Тухайлбал, 2018 оны намар тэнхимийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль, “Оновчтой бүртгэгч” тэмцээнд анги хамт олноороо “Ирээдүйтэй баг хамт олон”, 2019 оны хавар тэнхимээс зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд ангиас хоёр баг орж алт, хүрэл медаль, сагсан бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль, 2019 оны намар сагсан бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль, гар бөмбөгийн тэмцээнээс алтан медаль, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн урлагийн наадамд гутгаар байр, “Оновчтой бүртгэгч” тэмцээнд анги хамт олноороо “Тусгай байр” тус тус эзэлсэн амжилттай.

Тэд шалгалтын үеэр ангиараа сууж, нэг нэгэндээ зааж, туслан шалгалтдаа бэлддэг байна. Мөн МУИС-ийн шинэ номын санд сууж хичээлээ давтахад саруулхан, ширээ сандал хүрэлцээтэй, тав тухтай байдаг талаар оюутнууд дурдсан юм.

Мэдээж хөгжилтэй, дурсамжтай үйл явдал оюутан насанд их тохиолддог. Өнгөрсөн намар Урлагийн үзлэгтэй өдөр тэдний ангийн оюутан Б.Анхтамир гэнэт үсээ хусуулчихсан ирж л дээ. Тэд гайхан яасан талаар нь асуухад тэрээр цэргийн үзлэгт тэнцээд аль хэдийнэ цэрэгт явахаар шийдчихсэн байж. Б.Анхтамир язгуур урлаг төрөлд бүжиглэх ёстой байсан бүжгээ бүжиглэсний сацуу жүжигчилсэн тоглолтын гол дүрд санамсаргүй байдлаар тоглож.

Учир нь жүжигчилсэн тоглолтын гол дүрийн баатар урлагийн үзлэгтээ хоцорч ирж л дээ. Б.Анхтамир нэг ч удаа бэлдээгүй хэрнээ тэр үед ангиараа хүрэл медаль авсан нь тэдний хувьд их дурсамжтай түүх болон үлдсэн талаар залуус хуучиллаа. Б.Анхтамир түүнээс хойш төд удалгүй цэргийн албанд мордож, одоо албан үүргээ сайн хашиж байгаа гэнэ лээ. Ангийнхан нь ч шинэ жилийн өмнөхөн түүнийг эргэж, шинэ оноо хамт тэмдэглэжээ. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, авьяаслаг, авхаалжтай оюутан залуусдаа цаашдын сурлагад нь өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *