Амьдралд мартагдахааргүй олон дурсамж байдаг ч сурагч үе, оюутан цагийнх нь хамгийн гэгээнээр сэтгэлд үлдсэн.
Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь оюун ухаан гэдэг шүү дээ. Харин оюун ухааныг гайхамшиг болгодог түлхүүр нь эрдэм боловсролд орших учир үүний төлөө олон залуус тэмүүлж, оюутны ширээгээр дамждаг.
Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн “Сэтгүүл зүйн анги”-ийн зургаа дахь төгсөлтийн хамт олныг урилаа.
Тэртээ 2009 онд сэтгүүл зүйн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг “Сэтгүүлч” дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн хаалгыг газар газраас цугларсан 20 гаруй залуус татжээ. Өдөр бүр цэнхэр дэлгэцээр уулздаг телевизийн ур чадвартай сэтгүүлчид шиг болох хүсэл мөрөөдөл тээж байсан ангийнхны жолоог Энхсайхан багш атгасан байна. Сэтгүүлч мэргэжлийн онцлог болохоор ч тэр юм уу, аливаа зүйлийг олон өнцгөөс харж, чөлөөтэй сэтгэдэг байсан гэдэг. Үүнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь эдний ангийнхан өдрийн ихэнх цагийг номтой нөхөрлөж өнгөрүүлдэг байсанд оршдог талаар багш нар нь ярьдаг юм байна лээ.
Мэргэжлийн хичээлийн багш нь нэг үйл явдал өгөөд мэдээ бэлтгэх даалгавар өгөхөд хүүхэд бүр л өөр өөр өнцөг харж, тус бүртээ онцлогтойгоор бэлтгэдэг байсныг нь багш нь ярьж байв.
Задгай чөлөөтэй сэтгэдэг, сэтгүүл зүйн ангийнхан урлаг спортоороо ч сургуульдаа манлайлдаг байсан гэнэ. Нэгдүгээр курсэд орсон жилээ л сургуулийнхаа сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ах нарыгаа хожиж түрүүлж шилдэг тоглогчоор нь ангийн дарга Т.Сэдэд шалгарч байжээ. Тэд дараа жил нь ч амжилтаа бататгаж харин шилдэг тоглогчоор нь Учрал шалгарч байсан юм.
Дан ганц спорт ч биш урлагийн үзлэгт тогтмол амжилттай оролцож тэргүүн байр эзэлдэг сэтгүүл зүйн ангийн чөлөөт бүжгийн хамтлаг сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаа болгонд мэндчилгээ дэвшүүлдэг авьяаслаг хамт олон юм.
Нэг үе нийслэлийн оюутан залуус “АСК” тэмцээнд оролцож өөрсдийн сэтгэх чадвараа жүжигчилсэн тоглолтоор үзүүлж өрсөлддөг байсан.
“Сэтгүүлч” дээд сургуулиас ангиа төлөөлж Есөнцагаан, Санчир нар амжилттай оролцож шилдэг багаар шалгарч тусгай шагнал гардаж байсан гэнэ.
Алдаа гаргаж багшдаа загнуулах, амжиттай суралцаж ар гэрийнхэндээ магтуулахын аль аль нь эдний ангийнханд бий. Ангийн дарга Т.Сэдэд “Ангийн багш маань хүүхэд болгонтой тулж ажиллаж, тохиолдож буй бэрхшээлийг сонсож давж гарахад тусалдаг байсан даа. Би гуравдугаар курст байхдаа бага зэрэг “хазгай гишгэж” хоёр сар орчим хугацаанд хичээлдээ яваагүй. Энэ үед ангийн багш араас утасдаж хөөж явсаар байгаад хичээлд явуулж байсан. Багш маань тэр их ажлын хажуугаар сэтгэл гаргаж явалгүй орхичихсон бол би өнөөдөр сэтгүүлч болох байсан юм болов уу даа гэж бодогдох үе байдаг шүү” гэж хэлж байв.
Хамгийн анх нэгдүгээр курст орж ирээд ангийн даргаар сонгогдож байсан, тэрээр ангийнхантайгаа хамт өөдөө явж тэргүүний анги байлгахын тулд хичээдэг байсан талаараа хэлсэн юм.
Мөн сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд явуулдаг шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд Б.Золзаяа, Т.Сэдэд нар бүтээлээ сойж Б.Золзаяа тэргүүн байр эзэлж 200 мянган төгрөгөөр шагнуулсан бол Т.Сэдэдийн бүтээл тусгай байрт шалгарч 50 мянган төгрөгийн бай гарджээ. Энэ шагнал нь ирээдүйд сайн сэтгүүлч болох урамд нь ташуур нэмж өгсөн гэдэг.
Урлаг, спортын тэмцээнүүдэд идэвхтэй оролцлоо гээд тэд гол ажил хичээлээ хойш тавьж цалгардуулж байсан удаа үгүй. 2013 онд сэтгүүл зүйн ангийн 20 гаруй оюутан дүүргэхэд тэн хагас нь улаан диплом өвөртөсөн байна.
Энэ ангийн онц сурлагатан Б.Золзаяа Дорноговь аймгийн Сайншанд хотод ФМ-ийн хөтлөгч хийж байгаад “Сэтгүүлч” дээд сургуульд суралцаж улаан дипломтой төгсчээ. Тэрээр “Эх орон” телевиз болон “News.mn” сайтад ажиллаж байгаад мэргэжил дээшлүүлэхээр Тайвань улсыг зориод байгаа аж. Дуулах авьяастай тэрээр оюутан ахуйдаа хэд хэдэн тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байжээ.
Мөн Монголын үндэсний телевизийн Монголын мэдээ сувгийн эдийн засгийн тоймч Б.Батбаяр энэ ангийг төгсчээ. Тэрээр гадаадад хэлний бэлтгэлд явж байхдаа сэтгүүлч болохоор сэтгэл шулуудаж Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуульд элсч байжээ. Энэ шийдвэр нь ч нүдээ олж өнөөдөр Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль авчээ. Мөн Монголын мэдээ сувагт эдний ангийн төгсөгч Шинэцэцэг сэтгүүлчээр ажиллаж байгаа юм.
Үүнээс гадна “Ганзам” сонины сэтгүүлч Б.Мөрөн 2013 онд энэ хамт олонтой цуг сэтгүүлч мэргэжил эзэмшиж төгсөж байжээ. Тэрээр үргэлжлүүлэн төмөр замын чиглэлээр суралцаж Оросын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн байна. Улмаар “Ган зам” сонины гол сэтгүүлчээр ажиллаж байгаа аж.
“MPA” сайтыг үүсгэн байгуулагч Монголын шилдэг гэрэл зурагчин Б.Бямба-Очир мөн энэ ангийг төгсчээ. Тэрээр өнгөрсөн жил Монголын сэтгүүл зүйн 104 жилийн ойгоор “Алтан дүрмийн эзэн” шагнал хүртсэн байна.
“Сэтгүүлч” дээд сургуулийн 2013 оны төгсөгчдөөс Т.Сэдэд TV8 телевизэд нэвтрүүлийн албаны даргаар, Ууганзаяа, Цолмонсайхан нар Эко телевизэд, Санчир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт мэдээллийн ажилтнаар тус тус ажиллаж байна. Мөн энэ оны төгсөгч Х.Мөнхзул “О” телевизийн мэдээллийн албанд ажиллаж байгаа юм. Харин Оюунгэрэл, Б.Золзаяа нар Тайваньд, Болорчимэг БНСУд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа аж.
Энэ хамт олон сэтгүүл зүйн гал тогоонд ороод удаагүй байгаа ч таван сэтгүүлч ган үзэгтэн тэмдгээр энгэрээ мялаагаад байгаа юм.
О.НЯМ