Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлэгч ангийнхан

Энэ удаагийн “Нэг анги” буландаа 1997-2001 онд Цагдаагийн дээд сургуулийн (Цагдаагийн академи) 4ё бүлгийг төгссөн ангийг онцолж байна. Тус ангийнхныг анх элсэн орж байх үед каринтинд авч явж, нэг сар цэргийн бэлтгэл хийлгэж байжээ. Бэлтгэлээ дуусаад Батсүмбэрийн сангийн аж ахуйн “Үдлэгийн гэгээ” гэх компанид ажил хийж байгаад есдүгээр сарын 1-нд сургуульдаа орж байсан. Анх 28 оюутан элсэн орж, бүгд төгсчээ. Эдний ангийн хүүхдүүдийн тал орчим нь цагдаагийн байгууллагад ажилладаг байна. Бусад нь өөр салбарт, төрийн байгууллагад болон бизнес салбарт амжилттай ажилладаг буй талаараа дурслаа. Цагдаагийн байгууллагад ангиас хамгийн түрүүнд хурандаа цолыг М.Батсайхан хүртжээ. Тэрээр одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байж. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамир 4ё-гийнх. Мөн Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Отгон, тус албаны байгаль орчны хэлтэст дэд хурандаа Г.Одхүү, тус албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Хайдав нар одоо амжилттай ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах мөрдөгч, хошууч Батзаяа, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Батхуяг, тус хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр хошууч Д.Өлзийхүү, Замын цагдаагийн албаны ахлах мөрдөгч, дэд хурандаа Б.Алтансүх нар эдний ангийн сэргэлэн хөвгүүд аж.

Ангийн хөвгүүн Б.Эрдэнэтулга “Манай ангиас анх цэргийн гавьяаны одонгоор шагнуулж байсан хүмүүс бол дэд хурандаа Н.Хайдав, Г.Одхүү нар юм. Хурандаа М.Батсайхан алтан гадас одонгоор шагнуулсан. Одоогоор ангийнхан маань ажилласан салбар бүртээ амжилт бүтээлээр дүүрэн явна. Цаашид ч хийж бүтээх амжилт бүтээл ундаршгүй юм. Хөдөө орон нутагт цагдаагийн байгууллагад ажиллаж буй хүмүүс гэвэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар дэд хурандаа С.Батжаргал, Өмнөговь аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, ахмад Б.Батбаатар, Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн хэсгийн дарга, хошууч Гантөр нар юм. Дорноговь аймгийн Айраг сум дахь цагдаагийн газарт хэсгийн дарга, дэд хурандаа Ц.Батсайхан долоо хоногийн өмнө цэргийн байнгын тэтгэвэрт гарсан даа. Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт хошууч М.Цэрэнноров ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баривчлах төвд ээлжийн дарга, дэслэгч Тэмүүлэн ажилладаг. Тус газрын харьяа 409 дүгээр хорих ангид хошууч Х.Баяраа ажиллаж байна. Орхон аймгийн Захиргааны хэргийн ерөнхий шүүгч Б.Баттөр ажиллаж байна. Ингэж л сургуулиа төгсөөд ихэнх нь цагдаагийн байгууллагад мөрдөгчөөр ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ч шижигнэж явна даа” гэж ярилаа. Эдний ангийн Мэндбаяр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатич, Баярхүү Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ахлах мэргэжилтэн, Лехсо Иргэний бүртгэлийн төвд хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн гэнэ. Лехсогийн аав нь Улсын начин Дашжамц гэж хүн байсан ажээ. Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь хэлтэст, ерөнхий жижүүр Хаянхярваа 4ё-гийнх. Түүний аав нь Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу юм байна. Ангийн дэд хурандаа Б.Чулуунтамир даалгаж өгсөн ажлыг ягштал биелүүлж, амжилт бүтээлээр дүүрэн ажилладаг нэгэн юм байна.

Дорноговь аймагт өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хангамжийн хэлтсийн төслийн дарга Д.Мөнхбаатар, “Оюу толгой” ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Дэлгэрхүү, хувиараа бизнес эрхлэгч Э.Эрдэнэбаяр, Ж.Хишигсүрэн Булган аймагт газар тариалан эрхэлдэг гэдгийг ангийнхан нь хэллээ. Б.Эрдэнэтулга, С.Бямбадорж нар өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Ангиас Авлигатай тэмцэх газрын дүн шинжилгээ, үнэлгээний хэлтэст ахлах мэргэжилтэнгээр Ч.Анхбаяр ажилладаг байна. 4ё-гийнхан хот, хөдөө орон нутгаас цуглаж байжээ. Цагдаагийн дээд сургуульд орж, нэгдүгээр курстээ дотуур байранд байсан. Тиймээс ангиараа хичээлээ хийдэг байж. Эдний анги мөрдөн байцаагчийн анги аж. Багш нар нь гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, шударга байх гэсэн зарчмуудыг сайтар мөрдөж, байхыг сануулдаг байж. Тухайн үед цэргийн дектатур гэдэг зарчмаар хичээллэж төгсчээ. Одоо ч тэрхүү арга барилаараа ажиллаж, шударга тууштай занг эрхэмлэсэн хэвээрээ байгаа гэнэ. 4ё-гийнхан хичээлийн бус цагаар ч гэсэн цэргийн зохион байгуулалттай өнгөрөөдөг байсан хэмээн сонирхууллаа. Хоол идэж, унтаж, босохдоо ч нэг командаар хөдөлнө. Эдний ангийнхан тэргүүлэгч анги байжээ. Аст, спорт, урлаг соёл, нийгмийн ажил, сурлагаараа тэргүүлэгч байж. МУИС, Отгонтэнгэр дээд сургуулийнхантай өрсөлдөж, ур чадвараа сорьдог байж. Мэргэжлийнхээ хичээлээр манлайлж, сурлагаар толгой цохидог оюутнууд байсан ажээ. АНУ-д Үл хөдлөх зуучлалд ангийн Цогтбаатар ажилладаг байна. Гурван залуу Англид арав гаруй ажил амьдарсан гэнэ. Одоо тэд хувиараа бизнес эрхэлдэг. Ангийнхан салбарынхаа чиглэлээрээ бүгд магистр хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэн суралцсан байна.

Ангийн Отгон “Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Хайдав, Б.Чулуунтамир нар цэргийн гавьяаны одонгоор энгэрээ мялаасан. Алтан гадас одонгоор Батсайхан, цагаан морь тэмдгээр Г.Одхүү, Батхуяг нар шагнуулсан. Эдгээр хүмүүс олон жил тууштай ажилласан, холбогдох гэмт хэргийг шуурхай илрүүлсэн зэрэг арга барилыг сайн хэрэгжүүлж, хөдөлмөрлөж ажилласны үндсэн дээр шагнал авсан юм” гэв. Хөдөлмөрийн хүндэт медаль С.Бямбадорж, Б.Эрдэнэтулга нар хүртсэн. Хууль зүйн тэргүүний ажилтнаар Г.Одхүү, Батхуяг, Отгон, Батсайхан, Эрдэнэтулга нар шалгарчээ. Хууль зүйн яамны цагдаагийн алдар тэмдгийг Отгон, Батхуяг, Батжаргал, Ц.Батсайхан нар хүртжээ. Цагдаагийн гавьяа эдний ангийнхний ихэнх нь хүртсэн байна.

Ангийн багш нь Мэдээлэл технологий багш Батцэрэн гэж хүн байж. Ангийнхныг өдийг хүртэл амжилт бүтээлтэй явах замыг нээж өгсөн хүн бол яах аргагүй “Багш минь” хэмээн тэд бахархаж байв. Эдний ангийнхан ойр ойрхон уулзалт зохион байгуулж, нийтэч, эв нэгдэлтэй, бие биенийхээ жаргал зовлон хуваалцдаг гэдгээ дурслаа.

4ё-гийнхнийг Цагдаагийн дээд сургуульд байхад түрүүч цолтой, ангийн орлогчоор Алтансүх байжээ. Ангийн дарга гэсэн үг. Тэрээр анги хамт олноо атгасан гар шиг нэгтгэж, удирдаж байсан гэдгийг ангийхан нь ярьсан юм. Мөн сурлага, хөдөлмөр, урлаг спортын тэмцээн уралдаанд зохион байгуулалт сайтай бэлтгэл хийлгэдэг байсан гэнэ. Харин тэд төгссөнийхөө дараа ангийн даргаар Бямбадоржийг сонгожээ. Тэрээр анги хамт олноо нэгдмэл болгож, нэг нэгэндээ тусалж, дэмжих, жаргал зовлонгоо хуваалцах агшин бүрийг алгасахгүй зохион явуулж, дэвшилттэй удирдаж байгаа гэдгийг ангийнхан нь хэлэв. Ангийнхан дээд сургуулиа төгсөж, хөдөө орон нутаг, аймгийн төв, сумдад томилолтоор явж, эрүүгийн мөрдөгч төлөөлөгчөөр их ажиллаж байсан гэнэ. Ихэнх нь хөдөө, суманд хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, өдийг хүртэл эх орныхоо аюулгүй байдлын төлөө амжилт, мэргэжлээ ахиулан, цагдаагийн байгууллагыг өнгөлж, тууштай зүтгэж яваа гэдэг нь тодорхой харагдсан юм.

Ангийн Б.Чулуунтамир “1997 онд 28-уулаа элсэн орсон сонсогчоос сонгогдсон манай ангийн залуу, хонх цохихоор болов. Тэрбээр Таванцэцэг, эмэгтэй нэртэй юм л даа (инээв). Таванцэцэг маань тэр жилийн хичээлийн анхны хичээлийн хонхыг нийт сургуулийн бие бүрэлдэхүүний өмнө цохиж байсан. Тухайн үед түүнийг гарч ирэхэд сургууль даяараа инээлдэж байсан түүхтэй. Учир нь Таванцэцэг гэж хэлчихээд нэг цэрэг хувцастай банди хонх цохиж байсан болохоор бүгд инээлдсэн. Ийнхүү манай анги анхны хонхоо маш сайн эгшиглүүлсэн болохоор өнөөдрийг хүртэл ангийн хамт олон маань аливаа зүйлсийн анхдагч нар болсон юм. Бүхий л салбарт ур чадвараа сорьж, амжилттай ажиллаж хөдөлмөрлөж явна” гэж ярилаа.

4ё-гийнхан нэгдүгээр курстээ сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гуравдугаар курсийн багийг хожиж байжээ. Тухайн үед сургуулийн хамт олноо гайхшируулж, дуулиан болж байсан гэнэ.

Ангийн дарга Бямбадорж “Сүүлийн таван жилийн турш ангиараа Амарбаясгалан хийдрүү очдог болсон. Тэнд очиж, мөргөж сүсэглэнэ. Зарим нь амарч, байгалийн сайхныг үзнэ. Манай ангийнхан идэвхтэй оролцоно. Сэлэнгэ аймагт байдаг Батхуяг, Сэлэнгийн мөрдөн байцаах тасгийн дарга Батжаргал, Өлзийхүү нар зохион байгуулдаг. Тэнд 2017 онд цагдаагийн байгууллагад амжиллтай ажиллаж, шагнал авсан хүмүүстээ бид хүндэтгэл үзүүлсэн. Дурсгалын зүйл гардуулсан. Энэ үйл ажиллагаагаа бид үргэлжлүүлж, бие биенийхээ хөдөлмөрийг урамшуулж, сэтгэлд нь хоногшсон баярт мөчүүдийг үлдээдэг. Цаашид ангийнхныгаа жаргал зовлон хуваалцаж, үргэлж хамтдаа байна” хэмээн онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *