Хөдөлмөрийн яам бичил бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж буй бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэдэд шаардлагатай сургалт, зөвлөгөөгөөр хангах, хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг хүргэх асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болж байгаа юм байна.