Categories
мэдээ нийгэм

Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тэтгэмжид 72.4 тэрбум төгрөг шаардлагатай

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

-Дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох;

-Эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох;

-0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асаргааны тэтгэмжийг сар бүр олгох;

-Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох тус зохицуулалт туссан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Хэрэгжих ёстой хууль. Гэхдээ санхүүгийн тооцоогоо хэрхэн хийсэн бэ” гэхэд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “2015 оны жилийн эцсийн байдлаар 1054 ихэр хүүхэд байна. Тэдгээрт жилд нэг удаа нэг сая төгрөг олгодог. Нийт зарцуулсан мөнгөн дүн 1,9 тэрбум. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч өсөлттэй байгаа үедээ эцэг эхчүүдээ дэмждэг байх хэрэгтэй. Хуулийн хүрээнд 72,4 тэрбум төгрөг шаардагдана” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд сар бүр 240 мянган төгрөг олгоно хэмээн хуульчлах нь гэр бүлүүд батлуулахгүй байх шалтгаан болох юм биш биз гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.

Салбарын сайд Н.Номтойбаяр, “Засгийн газарын мөрийн хөтөлбөрт гэр бүл салж биш харин гэр бүлийн статустай байснаараа илүү их боломж бүрддэг байх гарцыг бодолцсон” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг хуулийн үйлчлэлд хамруулах уу. Өрх толгойлсон эхчүүдийг ажлын байртай болгох, өрхийн бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх зэрэг бодлогын чанартай зохицуулалтыг тусгах хэрэгтэй” гэхэд Н.Номтойбаяр сайд, “Хуулийн төсөлд олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүдэд тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал тусдаа хуулиар зохицуулагдана” гэлээ.

Гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *