Өнөөдөр хаврын бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо. Тус аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 хашаанд мод суулгах бэлтгэл ажлыг хангасан бөгөөд хамгийн олон гэр хорооллын өрхтэй Сонгинохайрхан дүүргээс аяныг эхлүүллээ.
Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа.
Жил бүр мод тарьдаг ч арчилгаа, усалгаа, ургалтыг анхаарах нь нэн чухал гэдгийг салбарын сайд онцолсон юм. Иймээс энэ жил 14 төрлийн модны 25000 суулгацыг айл өрхөд хүлээлгэн өгөхдээ давхар гэрчилгээ олгож хянахаар болжээ.