УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын хувьд арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах үндэслэл болжээ.
Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа өр үүсгэхээс эргэн төлөх, түүнд хяналт тавих хүртэлх Монгол Улсын онцлогт тохирсон хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилго тавьсан байна.
Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Монгол Улс хөгжлийн онцлогоос болоод зөвхөн хөнгөлттэй зээл, тусламж авдаг орон байсан. УИХ-аас 2011 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хуулийн дараагаар дэлхий нийтийн хувьд бид доогуур дундаж хөгжилтэй орон болоод олон улсын зээл авах эрх нь нээгдсэн. Гэхдээ эрх нь нээгдсэн ч гэсэн ямар баталгаа гаргах, хэрхэн олгох гээд эрх зүйн орчноо бүрдүүлээгүй. Тиймээс энэ хуулийн төслийг баталснаар эрсдэл байхгүй болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-аас хуулийн төслийг батлан гаргахыг дэмжиж байгаа. Гэхдээ улсын болон Засгийн газрын өр гэж юуг хэлэх юм бэ гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын тавьж байгаа зээл дээр хяналтын зохицуулалт байх ёстой. Дүрмийн сангаар зохицуулаад явна гэдэг бол эрсдэлтэй. Төрийн өмчит компаниудын авсан зээл 1,8 их наяд хүрсэн тухай Сангийн сайд сая хэллээ. Авсан зээл нь үр өгөөжтэй зээл үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийн төсөлд баталгаа гаргах асуудлыг олон улсын жишгээр л явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд Зээлийн батлан даалтын сан бий болгох ёстой” гэсэн юм.
Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай зэрэг багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байсан ч хугацаа дууссан тул УИХ хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгаа юм.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Цөмийн энергийн газрыг татан буулгасан юм. Энэ хүрээнд эрхлэх асуудлынх нь хүрээний ажлыг Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисст шилжүүлэх асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулж өгчээ.