Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 812, Тулгар төр үүсэн байгуулагдсны 2227, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадам өвөг сур Урианхай сурын харваагаар /2018.07.08/ эхэллээ. Харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт 200 гаруй харваачаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, Тагнуулын Ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер, Үндэсний сурын Гарамгай харваач Төхөөний Очироо 30 сумнаас 27 онож түрүүлэн Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангалаа.
Удаах байрыг Үндэсний сурын Улсын мэргэн, спортын мастер Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, Алдар спорт хороо, “Жем интернейшнел” ХХК-ийн харваач Батаагийн Баярсайхан эзэллээ. Мөн гуравдугаар байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, Урианхай сурын улсын мэргэн Цэвээндоржийн Батзориг, дөрөвдүгээр байрыг Ховд аймгийн Дуут сумын харъяат Урианхай сурын спортын мастер Шийлэгийн Баянмөнх, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат Урианхай сурын улсын аварга, спортын мастер Хөхийн Бямбажав тус тус орлоо.
Энэ жилийн Урианхай сурын харваанд Улсын мэргэн цолтой 16, спортын цолтнууд 64 харваач оролцож спортын мастер нэг /Баян-Өлгий Алтай сум, Нармандахын Алтансүх/, дэд мастер гурав төрөв. Өмнөх жилүүдээс харваачдын тоо 50 гаруйгаар өсөж, сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд ирж сум тавиагүй байсан Урианхай сурын Эрхий мэргэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат Ч.Жамбал тэргүүтэй шилдэг харваачид цэц мэргэнээ сорисон юм.