Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд нэгэн бүсгүй хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. “Өргөө” амаржих газрын удирдлагаас болсон явдлыг тодруулахад “Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Түүнээс өмнө дүгнэлт өгөх боломжгүй. Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болсон уу, өөр шалтгаанаар амиа алдсан уу гэдгийг урьдчилж тааж ярих нь зохимжгүй” гэсэн юм.
Харин талийгаач эмэгтэйн аав “Жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад байсан. Эх, ураг хоёр хоёулаа эрүүл байсан. Гэтэл “Өргөө” амаржих газарт төрөхөөр очиход нь хэвтүүлэх ор байхгүй гэж хугацаа алдсан. Арай гэж хэвтүүлсний дараа өвдөөд байхад эмч нь “болоогүй, зүгээр” гээд тоогоогүй. Олон хоног өвдөхөд нь арга хэмжээ авахгүй байсаар аминд нь хүрчихлээ. Өнөөдөр буяны ажилтай илүү дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Ярих, хэлэх юм их бий” гэлээ. Талийгаач 27 настай. Анхны хүүхдээ төрүүлэх гэж байжээ.
Амаржих газарт эх, хүүхэд
эндсэн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн Эрүүл мэнд, спортын яамнаас ажлын хэсэг гарчээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ асуудлаар мэдээлэл аваад ажлын хэсэг томилсон. Эмч, эмнэлгийн ажилтны алдаа байна уу, эсвэл өөр суурь өвчлөлтэй холбоотой байна уу гэдгийг мэргэжлийн комисс шалгана. Ажлын хэсэг 14 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Эх хүүхэд эндсэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэлээ.
Ц.ӨРНӨХ