Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо төлөвлөгөөгөө батлав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2017.10.25/ 14 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааныг тус Байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Билэгт даргалж, Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав.

Байнгын хороо Улсын Их Хурлын хууль тогтоох чиг үүргийн хүрээнд 11 асуудал, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 6 асуудал, мөн Бусад асуудлын хүрээнд 3 асуудал шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж Байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох; Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх; Туул голын бохирдлын асуудлаарх Байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоол, 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах; Бага, дунд боловсролын сурах бичгийн агуулга, түүнд тавигдах стандартын асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг хэлэлцэх; “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх; Байнгын хорооны 2016, 2017 оны тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгах, хуралдаанаар хэлэлцэх /хариуцсан сайдын мэдээлэл сонсох/ зэрэг ажлууд багтсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санал хэлж, Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж Байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох асуудлын хугацааг нэг сараар хойшлуулах буюу энэ оны арваннэгдүгээр сард хэлэлцэх санал гаргасныг олонхийн дэмжлэг авав. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Өргөдлийн байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *