Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 20 цаг 16 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн М.Билэгт даргалжээ. Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Н.Амарзаяа нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тус байнгын хороо нь төр, иргэний хооронд гүүр болж ажилладаг, Засгийн газарт чиглэл өгөх эрх бүхий чухал үүрэгтэй байнгын хороо гэдгийг үг хэлсэн гишүүд тодотгоод нэр дэвшигч энэ хариуцлагатай үүргийг чадварлагаар гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.