Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт хойшилж болзошгүй

Энэ онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 5-28-ны хооронд зохион байгуулсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй авсан юм.

Энэ жилийн хувьд тавдугаар сар бүхэлдээ хур тундас багатай, зургадугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн зарим бүс нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлсөн бол тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл гандуу байсан.

2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм. Энэ нь улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц үзүүлэлт.

Намрын ургац хураалтаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ургац хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулж, тариаланчид, тариалан бүхий аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутам цаг агаарын мэдээ хүлээн авч, орон нутагт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд хүргүүлж байгаа юм.

Есдүгээр сарын 25-ны байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 66.2-68.9 хувийн явцтай, ургац хураалтын ажил жигдэрсэн гэж Ургацын штабаас мэдээллээ.

Есдүгээр сарын дундуур орсон хур тунадас, нойтон цас, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаагаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй бөгөөд үр тариа налсан байдалтай байна. Энэ үед комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэрэг налсан тариаг хурааж авах хэд хэдэн арга бий.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөөд байна. Аймаг бүрт гарсан Ургацын штаб ургац хураалтын явцын талаар Улсын ургацын комисст мэдээ хүргүүлж байгааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр түгээж, ургацаа богино хугацаанд хураан авахаар шуурхай ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгчдэд шатахуун, иш өргөгч, үтрэмийн техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа бөгөөд тус санд үтрэм дээр чийгтэй буудайг яаралтай татан авч, хатаах, стандартын шаардлага хангуулах зориулалттай элеватор 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаалгын тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн. Тиймээс ургацыг аль болох богино хугацаанд хаягдал багатай хурааж авах техникийн боломж бүрдсэн гэж хэлж болно хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *