Улсын хэмжээнд хүнсний ногооны 50 орчим, улаанбуудайн 15 хувийг хураагаад байна. Ургац хураалтад 10 мянга гаруй оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн оролцож байгаа юм.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат “Баруун бүсүүдэд ургацын чанар сайн, Дарханы хойд хэсгээр улаанбуудай жаахан чийгтэй байна. Тэгэхээр баруун тийшээ тариаланчид шууд хураагаад гурилын үйлдвэрүүддээ буудайгаа тушааж байгаа бол зүүн талын тариаланчид ангилан хадаж байна. Бид нийт 589 мянган тн улаанбуудай хурааж авна. Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдэлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Ер нь аравдугаар сарын 20 гэхэд ургацаа бүрэн хураадаг. Энэ жил ургац хураалт 10 гаруй хоногоор хойшилж байгаа учир 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусна” гэлээ.
Энэ онд манай улс 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-г тариалсан юм.