Categories
мэдээ нийгэм

Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдав DNN.mn

Угаасаа бид туйлшрамтгай. Туйлшрамтгай учраас л бултаараа суудал өнцөгдөж буруу хараад сууцгаачихсан улс. Нам нь, лам нь, бөх нь, бөө нь хүртэл хагарал талцал, хэрүүл тэмцэлтэй. Сүүлдээ бүр Орос Украин биш бид л орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, сурч мэдэх завгүй сургаар хэмлэлдэж, гарчигаар хэрэлдэн, гадаад дотоодгүй цэцэрхэх болов.Адуу дагаж илжиг үргэв гэгчээр манайханд мэдэхгүй ч сэдэв гэж алга. Хөгжлийн банкны асуудал дээр энэ нь бүр ч тод мэдрэгдэх.Гэхдээ бид дүйвээнээр л шуугиад байхаас биш үнэн мөнийг ялгахдаа тун ч хойрго аж.

Манай сэтгүүлч нөхөд ч тун залхуу болж. Ёстой өнөө хэдэн лайк нь хаа юм гэдэг шиг хүний аманд микрофон тулгаж лайвдаад байхаас биш учрыг нь олж хужрыг нь тунгаахаас бараг бүгдээрээ хойш сууцгаана. Үүнийг нь мэдэх улс төрчид ойворгон сэтгүүлчдийг бороохойгоо болгож, олон түмний тархийг угаах хөөсөө болгох нь хоржоонтой.

Эхлээд овоо хараандаа оруулж онилж авсан азгүй нэгнийг хэвлэл сошиалаар хэрчиж, улс төрийн бантангийнхаа орц жорыг сайхан бэлдээд авчихна. Бантан нэртэй жонхуугаа багсарч байгаад үнийн өсөлтөд дарлуулж, орлогын хомсдолд өеөдөж,шударга ёсоор ангаж цангасан нийгмийн идүүрэнд өнөөхийгөө угаадас шиг нэлийтэл цацчихаад өөрсдөө ард нь мар мар инээж, мад мад жуумалзана.

Ёстой нөгөө хүүхэд нь өлсөөд уйлахаар хоол унд өгөхийн оронд энийг хар аа, тэрийг ч хараа гэж сэгсчиж түр сатааруулах маанаг хүн шиг л авирлаж байна төр маань.

Хөгжлийн банкны асуудал сөхөгдөнгүүт эхлээд ч бүгдээрээ овоо доо, одоо л шударга ёс тогтох нь гэж түрхрэн дэмжиж, харин цаана нь турхиран өдөөж байсныг нь сэхээрч ер мэдсэнгүй. Гэтэл мань нөхөд чанаргүй зээлийн тухай бараг л дуугарсангүй. Чанаргүй зээлийн тал шахам хувийг нь эзэлж байгаа Төрийн өмчит компаниудын талаар бүр таг шүү.

Харин ч өөр сэдвээр нохой шуугиулж байгаад өнөө хэдийнхээ авсан чанаргүй зээлийг төсөвт суулгаж, татвар төлөгчдийн халаасыг тэмтрэх мэргэн санаа бодож олсон нь лавтай бололтой.

Тэгвэл Төрийн өмчит компаниуд гэж юу байдаг гээч. Эрх баригчдын улс төрийн сонгуулийн мөнгө, ууж идэх шоуны мөнгө, бэлжиж баяжих нууцлаг мөнгө, биенээ худалдаж авах нууврын мөнгөний саалийн үнээнүүд шүү дээ.

Ил далд амраг, илүү халиу хамаатан садан, анд нөхөд, ах дүүсээ ажилтай байлгаж, төрийн мөнгөөр угжих, намын нэрээр цуслах талбар шүү дээ.

Шилэн данснаас нуугдах , шимтэй бүхнийг гудрах суваг болохоос улсдаа дэм, төрдөө түшиг болж байгаа нь өдрийн од шиг ховор.

Ёроол нь цоорхой хувинд рашаан хийгээд нэмэргүйн адил одоо төрийн өмчит компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ч хаашдаа лөөлөө болсон гэдгийг улс төрчид мэдэхийн дээдээр мэдэж л байгаа.

Тэд чанаргүй зээлийг эргэн төлүүлэх тухай биш харин хэвийн төлөлттэй яваа хэдхэн төсөлөө баалж шоглон баллаж зогсоочих гээд үзэж тарж байна.

Тэнэг л биш бол бусдаас хамгийн өндөр хүүтэй зээл авахад нөлөөлдөг гишүүн ч гэж юу байх вэ. Тэр тусмаа өдрөөс өдөрт ханш нь өсөж тэнгэрт хаддаг хамгийн эрсдэлтэй долларын зээл авсанд хамаатуулах гээд улайран зүтгэх нь үнэндээ шог харагдаж байна.

Хөгжлийн банкнаас бусад аж ахуйн нэгжүүд төгрөгөөр, тэгээд тэр нь ердөө 6, 7 хувийн хүүтэй зээл авсан байхад хамгийн өндөр хүүтэй долларын зээл авдаг, тэрнийх нь хүү төгрөгөөр 18 хувийн хүүтэй тэнцүү зээл авахад нөлөөлдөг тийм тэнэг нөлөөлөл гэж байх уу?.

Та найзыгаа ломбарднаас 6 хувийн хүүтэй зээл авах гэж байхад нь мань чинь 18 хувийн хүүтэй зээл олгодог ломбард мэднэ гээд дагуулаад явбал үгэнд чинь орох болов уу?

Хараажийн хамааралгүй, мэдээжийн нөлөөлөлгүй зүйлд нэгнийгээ яаж ийгээд хамаатуулах гэж улайрах нь улс төрийн урхи шиг л харагдаад байгаа юм даа.

Чанаргүй зээл, зориулалт бусаар зарцуулсан луйвраа ярихгүй таг суух хэрнээ бүтээн байгуулалт ид өрнөж, зээлийн төлөлт нь хэвийн байгаа үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрах энэ тэнэгэрлийн цаана зүгээр л улс төрд нэр гайгүй яваа, хөгжил дэвшил бодлого ярьдаг хэдийгээ Хөгжлийн банкаар шалтаглан “айлгах төлөвлөгөө” , амыг нь барих стратеги яваад байх шиг.

Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдана гэгчээр Хөгжлийн банкны хөгийн луйврыг илчилж, буруутай этгээдүүдэд ял зэмийг оноох бус улс төрийн “дүр тоглолт” хийгээд байгаад л хамаг “но” байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *