Categories
мэдээ цаг-үе

Уран гартай, нинжин сэтгэлт Г.Пүрэвсүрэн охин

“Хүрээ тулга” дунд сургуулийн долоогийн А ангийн сурагч Г.Пүрэвсүрэн өчигдөр сургууль дээрээ бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрээр оймсоор төрөл бүрийн чихмэл тоглоом, баримлын шавраар бэлэг дурсгалын зүйл хийдэг уран гартан. Анхны бие даасан үзэсгэлэнгийнхээ үеэр өөрийнхөө бүтээлийг худалдаж байгаа. Олсон орлогоороо “Бадамлянхуа” асрамжийн газрын нэгэн охины мөрөөдлийг биелүүлэхээр болжээ. Учир нь хэд хоногийн өмнө асрамжийн газрын охиноос түүнд захидал иржээ. Захидлын эзэн бусад охидын адил өсгийтэй пүүз өмсөхийг хүсэж байгаагаа бичсэн байна. Энэ мөрөөдлийг нь Г.Пүрэвсүрэн охин биелүүлэхээр үзэсгэлэнгээ гаргажээ. “Өсгийтэй пүүз охид болгоны л мөрөөдөл. Гэхдээ ийм гутал жаахан үнэтэй байдаг. Тиймээс ахиухан орлого олоод өсгийтэй пүүзийг нь авч өгмөөр байна” гэж Г.Пүрэвсүрэн охин ярьж байлаа.

Тэрээр бүр сургуульд орохоосоо өмнө янз бүрийн зүйл урлах, бас зурах авьяастай байжээ. Багаасаа өвчтэй байсан болохоор аав ээж нь түүнийг цэцэрлэгт биш гэртээ өсгөсөн байна. Ингэхдээ үеийнхнээс нь хоцруулахгүйн тулд хүүхдэд тохирсон хийж чадах зүйлийг нь зааж өгчээ. Охин ч гарын уртай болохоор аливаа зүйлийг хурдан сурна. Тэр хэрээр аав ээж нь охиндоо шинэ зүйл сургахыг эрмэлзэж байсан гэнэ. Ингээд сургуульд орсон цагаасаа ангийнхантайгаа нийлэн авьяасаа улам хөгжүүлжээ. Одоо түүний урын санд 100 гаруй оймсон тоглоомноос гадна баримлын шавраар хийсэн бэлэг дурсгалын зүйлс зөндөө бий. Эдгээр бүтээлээ өчигдөр сургууль дээрээ дэлгэж үеийнхэндээ сонирхуулсан байна. Харин өнөөдөр олон нийтэд худалдаалах ажээ.

Охины ээжийг Т.Нямаасүрэн гэдэг. Цэцэг тарих сонирхолтой, “Увидаст цэцгий хүрээлэн” клубийн гишүүн. Клуб нь цэцэг тарьж борлуулдаг. Олсон орлогоо мөн л сайн үйлсийн аянд зориулдаг юм байна. Ингэж сайн үйлс хийхдээ “Бадамлянхуа” асрамжийн газартай холбогджээ. Тэнд 2-16 насны 66 хүүхэд байдаг гэсэн. Тэндхийн хүүхдүүдэд цэцэг борлуулж олсон орлогоороо дулаахан гутал авч өгдөг юм байна. Заримдаа тэндхийн хүүхдүүдээс захиа ирнэ. Төрсөн гэрээсээ хол байгаа хүүхдүүд захиан дээрээ юу хүсэж байгаагаа бичдэг ажээ. Харин энэ удаагийн захидлын эзний хүслийг Г.Пүрэвсүрэн охин биелүүлэхээр божээ.

Г.Пүрэвсүрэн охин багаасаа хүнд өвчтэй байсан гэнэ. Одоо харин үе мөчний системийн өвчтэй, байнгын эм уудаг юм байна. Өвчнөө мартагнах зорилгоор өөрийгөө сатааруулдаг нь өнөөдөр үзэсгэлэн гаргах хэмжээнд авчирчээ. Хийсэн тоглоомоо ээжийнхээ Nyamaasuren Tumur фэйсбүүк хуудсаар болон “Увидаст Namuran Urmila цэцгийн хүрээлэн” клубийн фэйсбүүк хаягаар дамжуулан олонд хүргэдэг ажээ. Өөрийнх нь бүтээлийг сонирхсон хүмүүст 500-3000 төгрөгөөр борлуулдаг юм байна. “Олсон бүх мөнгөө сайн үйлсэд зориулах болно. Энэ удаа асрамжийн газрын эгчийн хүссэн өсгийтэй пүүзийг аваад өгчихвөл их баярлах байх” гэж Г.Пүрэвсүрэн охин ярьж байна.

Мөн тэрээр өөрийнхөө мэдсэн сурсан зүйлийг Баянгол дүүрэгт харьяалагддаг цэцэрлэгийн хүүхдүүдэд зааж өгдөг ажээ. Ирээдүйд зураач болох хүсэлтэй балчир охины бүтээлийг худалдаж авахыг хүсвэл өнөөдөр “Хүрээ” дээд сургуулийн B байрны 109 тоотод очоорой.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *