Хаврын тариалалтад бэлтгэх зорилгоор газар тариаланчид болон салбарын яамныхан уулзалдсан байна. Энэ үеэр “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг хаврын ажил эхлэх гэж байхад нь урамшууллын мөнгөнөөс өрийг нь суутгасанд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн гэх.
Энэ жил тариаланчдын урамшууллыг тонн тутамд нь 70 мянган төгрөгөөр тооцож, 25 тэрбумыг тараасан байна. Энэхүү урамшууллыг 908 аж ахуйн нэгж, хувь хүмүүс авчээ. Урамшууллын мөнгийг тараахдаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй аж ахуйн нэгжүүдийн өрийг суутгасан байна. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих санд аж ахуйн нэгжүүдээс авах ёстой зургаан тэрбумын авлага хуримтлагдсан байсан бөгөөд үүнийгээ урамшууллын мөнгөнөөс авсан юм байна.
Өөрөөр хэлбэл, Тариалан эрхлэлтийн дэмжих санд 80 тэрбумын өр үүсэн байсны тал нь тариаланчдынх үлдсэн нь гурил үйлдвэрлэгчдийнх аж. Энэ нь хэдэн он дамжсан өр болохыг салбарын сайд нь хэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд буудайн үйлдвэрлэлд төрөөс 460 тэрбумын дэмжлэгийг бэлэн болон бэлэн бусаар олгожээ.
Хаврын тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийн дэмжих сан 17.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ мөнгөөр аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай чанартай үр худалдан авах, шатахууныг нөөцлөх, техник хэрэгсэл, бордоог нь хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажилд зарцуулах аж. Тус санд мөнгө хэрэгтэй учир тариаланчдын өрийг урамшууллаас суутгасан. Харин гурил үйлдвэрлэгчид улсаас ямар нэгэн урамшуулал авдаггүй учир ингэх боломжгүй, хууль, хяналтын байгууллагад хандаж шийдүүлэхээр салбарын яам шийдсэн байна.
Буудайн чанараас болж гурил үйлдвэрлэгчид болон тариаланчдын дунд энэ намар, өвөлжингөө бөөн маргаан үүссэн. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тариаланчид чанарын биш тооны хойноос хөөцөлдсөнөөс буудайн чанар алдагдаж, гурил үйлдвэрлэхэд төвөгтэй байгааг учирлаж буй бол тариаланчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг сануулж байгаа юм.
Салбарын яамнаас 20 тонн импортын үр оруулж ирэхийг зөвшөөрсөн нь тариаланчдыг төв талбайд буудайтай жагсаал хийлгэхэд хүргэсэн билээ. Тиймээс энэ жилийн хувьд тариаланчдад нийлүүлэх буудайн чанар салбарын яам анхаарал тавихаар болжээ.