Categories
мэдээ цаг-үе

Урамшуулал нэрээр өөрсдөдөө олгосон татварынхны 800 сая төгрөгийн жагсаалт юу харуулна вэ?

Нийслэлийн дүүргийн татварын албаны зарим дарга 800 хүртэлх сая төгрөгийг урамшуулал нэрээр авсан нь олны гайхширлыг төрүүлээд байна. Тэр жагсаалтад дүүргийн татварын дарга нар их хэмжээний мөнгө өөрсдөдөө олгож бусад ажилтнууддаа багахан хүртээжээ. Гэхдээ асуудлын гол нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хэн нь их, бага авсандаа бус юм.

Татвараа төллөө гээд татвар төлсөн хүнийг урамшуулахгүй байж, яагаад татварын байцаагчид, дарга нар нь авах ёстой вэ. Төсөвт төвлөрүүлсэн мөнгийг төлөвлөгөөнөөс давлаа гээд урамшуулал хэлбэрээр төрийн албан хаагч авах эрх бий юу гэсэн асуудал гарч байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс Засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн захирамжаар 2013 оныхоо бүтэн жилийн ажлын үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлсэн гэж үзжээ.

Орлогын төлөвлөгөөг 2.58 тэрбум төгрөгөөр биелүүлсэн тул дүүргийнхээ татварын хэлтэст 775.9 сая төгрөг, хэлтсийн дарга н.Сайнбуянд давсан орлогын хэсгээс 8 хувиар тооцон, 206.9 сая төгрөгийг урамшуулал болгон олгосон байна. Түүнчлэн татварын хэлтсийн урамшууллаас орон нутгийн орлого бүрдүүлэгч дүүргийн бүртгэлийн хэсэгт 20 сая төгрөг олгосон. Бүртгэлийн тасгийн дарга нь уг хөрөнгөөр хувьдаа автомашин авч унасан болох нь тогтоогджээ.

800 САЯАС ХЭН ХЭН ХҮРТЭВ

Мөн өнгөрсөн онд л гэхэд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулж, түүний 40- өөд хувь (360 сая)-ийг нь Татварын ерөнхий газарт, үлдсэнээс нь Татварын хэлтсийн дарга 40, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 40, Татвар хураалтын тасгийн дарга нь 54, байцаагч болон тасгийн дарга нараа тус бүр 2.2 сая төгрөгөөр шагнажээ.

Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төгрөг, мөн 200 саяыг нь Татварын ерөнхий газар руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг таван сая төгрөгөөр урамшуулсан байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст нэг тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төгрөг, 32 албан хаагчид 528.7 сая төгрөгийг урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналыг ажилтнуудтайгаа хувааж авсныг баримттайгаар жагсаан бичжээ. Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2009 оноос хойш олгосон үр дүнгийн урамшууллын судалгаанаас харж болох юм. Энэ мэтээр төсөвт төвлөрөх ёстой татварын мөнгийг төлөвлөгөөнөөс давлаа хэмээн татварынхан өөрснөө хүртдэг жишиг бараг л тогтсоныг дээрх жишээ харуулж байна.

УРАМШУУЛЛЫГ ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААТАЙ ХОЛБООТОЙ ГЭЛЭЭ

Харин энэ жагсаалттай холбоотой мэдэгдлийг Татварын ерөнхий газрынхан гаргаад буй юм. Мэдэгдэлд “Татварын ерөнхий газар, түүний удирдлага нь батлагдсан төсвөөс гадуур, улс болон орон нутгийн төсвийн орлогоос нэг ч төгрөгийг татварын алба, ажилтан албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгоогүй бөгөөд цаашид ч олгохгүй болно. Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх мэдлийн хэмжээнд шийдсэн. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3, 47, 49 дүгээр зүйл, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтуудын хүрээнд орон нутгийн төсвийг бүрдүүлэхтэй холбоотой 2006 оноос эхлэн үүссэн харилцаа болно” гэжээ. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газар бидэнд дээрх мэдээлэл хамаагүй, орон нутгийн засаг захиргаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Ямар боломж бололцоог ашиглан зарим дүүргийн дарга нар ийн өөрсдөдөө урамшуулал олгосон болохыг судаллаа.

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БУЮУ ТАТВАРЫН МӨНГӨ

Төр засаг татварынхныг өөрсдийгөө урамшуулах үүд хаалгыг нь нээгээд өгчихсөн байдаг бололтой. Учир нь дүүргийн татварын хэлтсүүд тухайн засаг захиргаатайгаа үр дүнгийн гэрээ гэж байгуулдаг юм байна. Үүгээр татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлбэл 30-50 хувиар өөрсдийгөө шагнан урамшуулдаг аж. Тэгээд татварын хэлтсийн дарга нь төлөвлөгөө давуулан биелүүлсэн хэмээн нийт төвлөрсөн мөнгөнийхөө найман хувийг авсан тохиолдол ч гарчээ. Ингэхийг зөвшөөрсөн Сангийн сайдын тушаал ч байдаг юм байна. Цааш нь лавшруулаад үзэхээр Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйл буюу Төсвийн урамшуулал гэсэн хэсгийг харж болох. 46 дугаар зүйлийн нэгд,Төсвийн захирагчид туслах үйл ажиллагааны ашиг, төсвийн зарлагын хэмнэлт болон төсвийн захирагчийн үр дүнгийн гэрээний урамшууллыг төсвийн урамшуулал болгон тус тус олгож болно” хэмээжээ. 46 дугаар зүйлийн хоёрт, Энэ хуулийн 46.1-д заасан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн тухайн шатны төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараа жилийн төсвийн багцад тусган баталж, түүний шийдвэрээр олгоно” гэсэн байгаа юм.

ГЭРЭЭГ ХЭН ХЭН БАЙГУУЛДАГ ВЭ

Тэр үр дүнгийн гэрээ гээч зүйл нь их энгийн ерөнхийдөө дүүргийн татварын хэлтсийн дарга, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга хоёрын хоорондын гэрээ байдаг аж. Энэ гэрээг хийхдээ “Дүүргийн төсөвт тэдэн төгрөгийн татвар нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төвлөрүүлнэ. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлсэн тохиолдолд төлөвлөгөөнөөс давсан орлогын 30 хувиар бодож гүйцэтгэгчид урамшууллыг орон нутгийн давсан орлогоос гаргана” гээд заачихсан байдаг байна. Тэгэхээр яахаараа төлөвлөгөөнөөс их хэмжээгээр давсан орлого гэж байх ёстой юм бэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Хууль тогтоомж, тушаалуудад нэгэнт суулгаад өгчихсөн энэ боломжийг дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга хоёр овжин ашигладаг бололтой. Тэд татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх босго мөнгөн дүнг боломжит байдлаас багаар тооцдог байж болох хардлага гарч буй юм.

ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ АВЛИГЫН НЭГ ХЭЛБЭР ЭНЭ БИШ ҮҮ

Монгол Улсад татварыг орлогын, хөрөнгийн, хэрэглээний гэсэн гурван төрлөөр хураадаг. Татварын дийлэнх нь уул уурхайгаас бараг бүрэн хамааралтай болсон учир нийтийн өмч хөрөнгө гэх эрдэс баялаг ашигласны төлбөр (роялти) нь орлогын буюу цалин хөлс, аж ахуйн нэгжүүдийн ашиг, орлогын татвараас дутахгүй болчихсон. Ийм нөхцөлд нийтийн засаглалаа иргэд нь бүрэн хянаж чаддаггүй манайх шиг хөгжиж буй оронд авлига, хээл хахууль түгээмэл гарах болсны жишээ нь дээрх үр дүнгийн гэрээ гэдэг зүйл гарч ирсэн нь татварын мөнгөний урсгалыг төрд бус хувь хүн дундаас нь завших нэгэн боломжийг олгосон байна. Энгийнээр харахад хууль дүрэмдээ суулгаад өгчихсөн болохоор хууль ёсны юм шиг атлаа үүний цаана албан тушаалтнуудад ашиг сонирхлын зөрчил бий болгоод зогсохгүй өндөр хэмжээний авлига гааруулах нэгэн шалтаг гэж хэлж болохоор юм. Тэгэхээр Сангийн сайдын тушаал болон Төсвийн тухай хуулиа ч эргэн харах шаардлага байгааг харуулж байна. Нөгөө талаар улс төрийн ашиг сонирхол бүхий, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, дотоодын болон гадаадын томоохон бизнесийн байгууллагууд оролцсон, улс оронд их хэмжээний хохирол учруулж буй, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой, хахуулийн хэмжээ маш өндөр хэргүүдийг иргэд “өндөр түвшний авлига” хэмээн төсөөлөх болсон. Ер нь авлига нууц далд явагддагаараа онцлог боловч хэн ч авлига гэж ойлгохооргүй олон үйлдэл авлига байдгийг бид байх ёстой зүйл гэж хэдий хүртэл хүлээн зөвшөөрөх юм бэ. Энэ үр дүнгийн гэрээ гээч зүйл ч авлигын нууц далд явагддаг хэлбэр байхыг үгүйсгэх аргагүй юм.

Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгосон үр дүнгийн гэрээний урамшуулалын судалгаа

Г. ЯЛГУУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *