ОХУ-ын Уралын нуруу, баруун Сибирийг хамарсан бүс нутагт ой хээрийн том түймэр дэгдэн шатаж эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сүүлийн долоо хоногт шатаж буй уг түймрийн улмаас 21 хүн амиа алдсан нь тогтоогдсон аж.
Тэдгээрийн ихэнх нь гэрээ орхиж явах чадваргүй өндөр настнууд байжээ. Урал, Сибирийн залгаа нутаг болох Курган мужийн Юлдус тосгон шатахад хамгийн олон хүн амиа алдсан байна. Зөвхөн Курган мужид 5,000 гаруй орон байр түймэрт шатсан тухай тус мужийн онцгой байдлын алба мэдээлжээ. Курганаас гадна Свердловск, Омск, Тюмень мужуудад гал түймэр тархсан байна.
Ялалтын баярын үеэр дэгдсэн түймэр 77,000 га талбайг хамарч, 300 гаруй орон сууцны барилга, 4000 шахам барилга байгууламж шатсаны дотор ахмад настнууд хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан хотоос гарч амьдарч байсан зуслангийн байшингуудыг хамарсан байна гэж “ТАСС” агентлаг мэдээлжээ.
Европын Холбооны дэлхийн агаар мандлын хяналтын “Copernicus” системээс гаргасан зураглалд баруун Сибирьт дэгдсэн түймрийн утаа Оросын алс дорнод болон Казахстан, Монгол улсуудын нутаг дэвсгэрт хүрч байгааг харуулжээ. Урьд жилүүдэд иймэрхүү түймрийг Орос улс армийнхаа хүчээр унтраадаг байсан бол энэ удаа Украинд болж буй дайнаас үүдэн гал унтраах асуудалд том хүндрэл үүсээд байна гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна.
Г.АМАРСАНАА