Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ураг төрлийн хол нь дээр

“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.ЦэнддоогийнСоёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операцисоёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэхСайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн альманахбүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийнПост коммунист синдромхэмээх төгсгөл хэсгийнКапитализм байгуулж буй социалистуудбүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Сонины газар

Монголчууд ганцаардмал, цөөхүүл байдлаа мэдэрсэн үндэстний хувьд маш төрөлсүү, олонтойгоо байх эрмэлзэлтэй ард түмэн. Гэвч үндэсний суртаал нь “ураг төрлийн хол нь дээр…” хэмээн сургадаг. Нөхөрлөх, айлсах, төрөлсөх, хүй хамтлаг, нийгэмлэг, коммунити үүсгэх нь малаасаа хамаардаг. Энд бэлчээрийн даацтай холбоотой асуудлыг хөндөж байна.

Нүүдэлчид тухайн гол, жалгандаа бас нийтлэг сонирхолтой хамтлаг үүсгэж, түүнийгээ “айл аймгийн улс” , “манай хот”, “манай саахалт” хэмээн томьёолдог. Айл аймаг бол тодорхой хил хязгаарын доторхи бэлчээрийг хамтран эзэмших, гурав дахь этгээдийг оруулахгүйн тулд хамтран эсэргүүцэх зорилготой коммунити юм.

Хот айлд багтах өрхийн минимумыг өвөлжөө, хаваржаанаас харж болно. Өвөлжөөний хот айл их төлөв гурав орчим гэрээс бүрдэх ба энэ нь өвлийн улирлын хомсхон бэлчээрийн даацад хүрэх хэмжээний бод ба бог малын зохимжит тооноос хамаарсан хязгаар аж. Хаваржаа гэдэг нь их төлөв намаржааны бэлчээрийн үлдэгдэл байдаг. Харин зуслан намаржаанд олон гэрээрээ айлсан бууж болдог нь эдгээр улиралд бэлчээрийн даац сайжирдагтай холбоотой.

Малчид дөрвөн цагийн эргэлтэд эгнэгт хамт нутаглах хот айл гэж бараг байхгүй. Их төлөв хамт өвөлжөөд, зуслан намаржаанд салж буух нь бий. Энэ нь хоёр шалтгаантай. Юуны өмнө бэлчээрийн даац, мал сүргийн тоо хэмжээ зэргээс хамаараад нутаг ойртож чадаагүй, найз нөхөд, хамаатан садантайгаа дахин нийлж, санасан сэтгэлийн цангаагаа гаргах боломж олгоно. Нөгөө талаас өвөлжөө нь малчин хүн гэртээ байх боломж хамгийн их гардаг цаг. Энэхүү чөлөө ихтэй цаг улирал нь айл хөршийн хэн бие биеэ илүү таних, зөрчилдөөнтэй талуудаа олж харах боломж олгодог. Иймээс хуралдсан асуудал, тэвчиж өнгөрөөсөн зөрчилдөөнөө мартагнах, нэг нэгийнхээ сайхан талуудыг эргэн дурсаж үгүйлэх боломж олохын тулд хавар зун, намартаа салж буудаг гэж ойлгож ч болно. Ерөөсөө хаваржаа бол намар идүүлсэн бэлчээрийн үлдэгдэл дээр тогтдог учраас хэмнэлтийн зарчмаар салж буухад хүрдэг ч тал бий.

Хот айл нь эцэг, хүү, хүргэн, эсвэл хадам, хүргэн, худууд гэхчлэнгээр зохион байгуулагдах нь элбэг. Ерөнхийдөө эмгэн өвгөн хоёр, дунд насны гэр бүл, шинэ залуухан айл маягтай байх нь туршлага, чадамж, эрч хүчээр бие биеийнхээ дутууг нөхөх шинжтэй харагддаг. Ийм учраас хот айлд байх мал сүргийн тоо нь бэлчээрийн даацаас хэтрэхийн хэрд өөр хот айл, шинэ коммунити үүсгэн салбарлаж одно.

Ах дүүс арван өрх нэг дор айлсан өвөлжих ганц боломж байдаг нь, тэд маш ядуу, хөрөнгө мал нийлээд нэг дунд зэргийн гурван айлынхаас хэтрэхгүй байх явдал.

Ийм учраас нүүдэлчдийн хот айл, айл саахалт хэмээх хамтлаг нийгэмлэг нь төрөлсөх сэтгэлээс хамааралгүй, харин ч малаасаа хараат байдлын илэрхийлэл юм. Дээр ишилсэн цэцэн сургааль “…ус бэлчээрийн ойр нь дээр” хэмээн төгсдөг билээ.

Сүүлийн үед монголчууд ураг удмаа мэдэн төрөлсөж, ургийн баяр хэмээх уулзалт зохион байгуулах боллоо.

Энэ нь гоёор хэлэхэд монголчууд иргэншин суурьшиж, бэлчээрийн даац мэтээс хамаарахаа больсны, яг үнэнээрээ бол малдаа толгойгоо мэдүүлэхээ байж, чөлөөлөгдсөний шинж юм. Ихэнх нь хотод амьдран сууж, хэнтэй ч нутаг бэлчээрээ булаалдах шаардлагагүй болсон монголчууд хөдөө хээр, зуны найртай цагаар уулзалдан, найр наадамд хэзээнээсээ дуртай сэтгэлийнхээ цангааг тайлах шинэ боломж гарч байна гэсэн үг.

Өргөн айлсалт бол ХХ зууны БНМАУ-ын малчдын түр цагийн суурьшил, явуулын хамт олон бүрдүүлж байсны нэг жишээ. Зун, намрын заагаар малчдыг олноор нь айл буулгаад, тэдний дунд соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах, бөөнд нь урлагаар үйлчлэх оролдлого ч гэж хэлж болно. Өргөн айлсалтын үеэр өдөрлөг, үдэшлэг, нийтийн бүжиг зохиож, кино үзүүлэн, худалдаа гаргана. Бас үсчин, фото зурагчин зэрэг нийтийн ахуй үйлчилгээг үзүүлдэг байв.

Тал нутаг тийм олон нүүдэлчин нэг дор айлсах боломжийг хангахын тулд хонь малаа алсад оторлон таргалуулахыг үүрэг болгоно. Ийм учраас өргөн айлсалтын хотхоны хүн амын ам нь хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнуудаас бүрдэнэ. Хэдийгээр голлох мал сүргийг хол газар оторлуулсан ч гэсэн саалийн үнээний бэлчээр хомсдож, ойрын хэрэглээний морины аргамжаа холдож, ялангуяа тал хээрийн голлох түлш болсон аргал, хомоол олдохоо больдог тул энэхүү “түр цагийн хотхон” түр цагийн л настай байв.

Зурагт, Завхан аймгийн Шилүүстэй сумын Соёл бригадын малчдын “Өргөн ширэг”-ийн өргөн айлсалтын (1974) хамт олныг харуулжээ. Арын эгнээнд зогсох цөөн тооны эрэгтэйчүүд бол өдөрлөг зохиохоор ирсэн сум, нэгдлийн захиргаа, намын байгууллагын удирдах хүмүүс юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *