Categories
мэдээ нийгэм

​Үр тарианы 88,3 хувийг хураан аваад байна

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 28.8 мянган га-г ангилан хадаж, нийт 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа хураан аваад байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал 10.7 мянган га-гаас 100 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явж байгааг албаныхан хэллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2 мянган га, нийтдээ 33.1 мянган га талбайн ургац хураагдаагүй байгаа аж.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 288.0 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо, 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн тосны ургамал, 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон билээ.

Наймдугаар сарын 10-наас хойш тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас таримлын болц нялхарч соёолон, хураалтын ажилд хүндрэл учруулж байгаа боловч цаг агаарын төлөв, ургацын болцтой уялдуулан хураах технологийг уян хатан сонгож ургац хураалтын ажлыг эрчимжүүлжээ. Харин 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч хураалтын ажил түр саатаад байгаа аж.

Үр тарианы таримлын хураалт Сүхбаатар аймагт 49.8 хувь, Дорнод аймагт 74 хувь, Өвөрхангай аймагт 75.7 хувь, Дархан-Уул аймагт 84.0 хувь, Хэнтий аймагт 94.5 хувь, Төв аймагт 91.1 хувь, Булган аймагт 96.2 хувь, Сэлэнгэ аймагт 86.6 хувьтай явагдаж, бусад аймгуудад хураалтын ажил дууссан дүнтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *