Categories
мэдээ цаг-үе

Ур модны зүүд

Монголын утга зохиолын үргэлжилсэн үгийн төрөлд гарч ирсэн залуу уран бүтээлчдийн өнгөнд С.Баттулга хэмээх даруухан гэвэл худлаа болчих, задарсан гэвэл хэтийдсэн болох нэг тийм оньсого шиг залуу орж ирсэн юм. Яруу найргийн төрлөөр бичгийн ширээнээ тухалж, үргэлжилсэн үгийн төрлөөр бүтээлээ туурвиж байгаа энэ залуу “Чулуужсан бичиг” хэмээх анхны номоороо л утга зохиол шимтэн уншигчдын танил болсон. Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, доктор П.Батхуягийн шавь түүний удаах ном “Ур модны зүүд” нэртэй. Уг ном “Ур модны зүүд”, “Хилийн цоорхой” хэмээх хоёр туужаас бүрдэнэ.

Амьдрал үүссэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл мөнхийн эрэлчин яваа хүмүүн гэгч ямар нэгэн шинэ бүхнийг хайсаар өнөөдрийг хүрсэн талаар “Ур модны зүүд” тууж эхэлнэ. Одоо ч тэр эрэл нь үргэлжилсээр. Мянга мянга жилийн тэртээх хүй нэгдлийн үед хүн төрөлхтөн анхлан ухамсар гээчийг олон авч ямар баяр хөөрт автан цаашид амьдрал хэрхэн үргэлжлэх талаар төсөөлөн бодно. Хүн төрөлхтний давагдашгүй хүчин зүйл болох байгалийн ширүүн догшин уур амьсгал, ан амьтан араатан жигүүртэнтэй хэрхэн тэмцэж тэмцэл бүртээ ялах, ялагдахын гашуун үнэнийг мэдэж байгаа юм. Ухаан олж авсан хүмүүс хүний махан хүнстэн өөр зэрлэг бүдүүлэг омогтой хэрхэн тэмцэж байгаагаар эл зохиолын өрнөл үргэлжилнэ. Гэхдээ уг туужийн зохиомж нь өнөө цагаас, тэр л эрт балар үе рүү маш гайхамшигтайгаар ямар нэгэн цаг хугацааны машин, уран зөгнөлгүйгээр очно. Хайгаад ч олохгүй эрэлчин, бадарчин мэт явсаар л. Яг юуг хайж байсан юм бэ. Өө ердөө л зохиолын гол баатарт, өтөл эмгэний өгч байгаа ур модны үндэс байна гээд уншигч та орхих буй за. Зохиогч зохиолынхоо үйл явдалд өөрөө оролцож байгаагаар тууж үргэлжилж, цаг хугацаа, орон зай, үйл явдлыг мэдэрч бичжээ. Эртний домог үлгэр үүсч мөхөхийн үүдэл тавилан бүхнийг унших бүрт амтанд нь орох бүлгээ.

Ур модны зүүд номын дараагийн тууж болох “Хилийн цоорхой нь” өнгөрсөн зуунд манай баруун хил дээр болж байсан Монгол, Тува нарын хоорондын зөрчил, тэмцэл, хилийн хулгай дээрэм, улс төрийн алдаатай шийдвэр зэргийн талаар нэгд нэгэнгүй бичиж туурвисан баримтат бүтээл юм. Тува нартай адуу малаа булаацалдаж, бүр буудалцаж явсан гашуун түүхийг өөрт тохиолдсон бодит баримтаар дэлгэн үзүүлжээ. Хязгаар нутагт аж төрөх хүмүүс ахан дүүс мэт ижилдэн өссөн Монгол, Тувагийн иргэд цагийн эрхээр хэрхэн хувирч адгуус мэт бие биедээ ханддаг болсон талаар тууж эхэлдэг. Цаг сайхан байх үед Тува бүсгүйтэй гэрлэсэн Цогтоо цагийн бэрхээр эцэг, эх, ах дүү нараасаа холдон гэр бүлтэйгээ хилийн цаана амьдарч байгаагаар үргэлжилнэ. Тувагийн Айдас хэмээгч түүнийг нүд үзүүрлэн, Монгол руу адуу хулгайлах ажилдаа явахыг шахаж эхэлнэ. Эс бөгөөс ар гэрийг нь тайван байлгахгүй хэмээн уур бухимдалтайгаар хэлнэ. Гэр бүлээ аюулд өртүүлэхгүйн тулд хэрхэх билээ хэмээн бодолд автана.

Цогтоо нэг шөнө сайн хүлэг морио унан Монголын нутагт ирж найзтайгаа уулзан Айдас тэргүүт Тува нар нутгийн гүн рүү ирж мал хулгайлахаар болсон тухай хэлнэ. Тува нар ч малаа хулгайлан Тува руу явахад нутгийн иргэд хилийнхэнтэй алдагдсан малын араас мөшгиж байгаагаар үйл явдал үргэлжлэх ажгуу.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *