Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС хамтран “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” сэдэвт эрдэм шинжилгээний 5 дахь удаагийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Дэлхийн улс орнууд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сургалтын арга зүй, үнэлгээний систем, чанарын баталгаажуулалтын чиглэлээр хийж байгаа өөрчлөлтийн ихэнх нь “Outcome Based Education” буюу /ҮДСБ/-ын үзэл баримтлалыг ашиглаж байна. Манай улс дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог, бусад хүчин зүйлийн нөлөөг тооцож, тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа шинээр тодорхойлон үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.
Тус хуралд үр дүнд суурилсан боловсролын арга зүй, технологийг сургалтад нэвтрүүлэх, арга зүйг шинэчлэх, хөгжүүлэх, сайжруулах, тогтворжуулах чиглэлээр дээд боловсролын чанар, сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, сургалтад идэвхтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэх, суралцагчийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, хичээлийн үнэлгээг сайжруулах чиглэлээр их дээд сургууль, хүрээлэнгийн багш судлаачдын 34 илтгэл хэлэлцэгдэж, “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” эмхтгэлийн 5 дахь дугаарт хэвлэгдэн гарах юм. Жил бүр зохион байгуулдаг тус хурлын зорилго нь их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудын багш судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан мэдээлэл түгээх, туршлага судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Өнөөдрийн хурлаас шилдэг илтгэлүүдийг шалгаруулж мөнгөн шагнал, олон улсын хуралд оролцох эрхээр урамшуулах юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь 2020 оны 4 сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй “Азийн бүсийн CDIO 2020 чуулга уулзалт”-ын угтал болж буйгаар онцлог юм.