УИХ-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсох юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд эхэлж, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох ба Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн 2 тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болох бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх аж.