Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь цөлжилтөд өртөөд байгаа билээ. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддогийг судлаачид онцолж буй.
Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ.
Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг баталсан эхний 50 улсад багтсан. Мөн Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж эхэлсэн байна.
Монгол улсын цөлжилтийн өнөөгийн байдал ямар байна вэ.Манай орон нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдаж байгааг статистик мэдээллээс харж болно.