Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Тоска” дуурь тоглогдоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Ж.Пуччинийн “Тоска” дуурийг тоглох гэж байна. Энэхүү бүтээлийг зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийсэн байдаг. Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Театро Костанци” театрт болж байжээ.

Энэхүү дуурь нь тамлалт, аллага, амиа хорлолт болон дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтаж байдаг Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтвортой байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хамгийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь Пуччинигийн энэхүү бүтээлийг 1900-гаад оны “хит” болгож хамгийн их тоглогддог дууриудын тоонд зүй ёсоор оруулсан байна.

“Тоска” дуурийг Монголд Л.Эрдэнэбулган найруулан тавьж 1982 оны 1-р сарын 9-нд анхны тоглолтоо хийсэн бөгөөд Ч.Жамсранжав удирдаж, тайз заслыг Ардын зүраач Ч.Гунгаасүх хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *