Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна.
Эл өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.
Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр дэлхийн хэмжээнд 1.1 тэрбум орчим охин хүүхэд байна. Ирээдүйд сайн сайхан амьдруулахын тулд тэдэнд бүгдэд нь адил тэгш боломжийг олгох ёстой. Охид бол эрч хүч, хүч чадал ба бүтээлч байдлын ундарга юм. Тэд дэлхий ертөнцийг илүү сайн сайхан зам руу оруулж, сайхан ирээдүйг бүтээхэд тусалж чадна. Гэхдээ өнөөдөр дэлхийн олон улс оронд, тухайлбал дайн байлдаантай байгаа улс орнуудад охидын эрх ноцтой зөрчигдөж, тэд өдөр бүр ямар нэгэн байдлаар биеийн махбодийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна” гэжээ.
Мөн уг мэдэгдэлд “Өнөөдөр дэлхийн хаа нэгтээ 10 минут тутамд өсвөр насны нэг охин хүчирхийллийн улмаас амиа алдаж байна. Охидыг хүйсээр ялгаварлан гадуурхах, насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх, охидыг хулгайлах зэрэг явдал улам газар авч байна. Дайн байлдаан, зөрчил мөргөлдөөнтэй улс орнуудад өсвөр насны охидын бараг 90 хувь нь сургууль завсардаад байна. Энэ нь охидын цаашдын аж амьдралд сөргөөр нөлөөлж, санхүүгийн хараат бус байдлыг нь алдагдуулах сөрөг үр дагавартай учир тэднийг боловсрол эзэмших боломжоор хангахад дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэжээ.