Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр

Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг

“Хүний эрх-365” уриан дор тэмдэглэх бөгөөд цаашид бүтэн жилийн турш хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр ажиллах аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс орон нутаг хүний эрхийн ахлах мэргэжилтэнтэй болсон нь хөдөөд хүний эрхийг боловсролыг түгээх, эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалах, зөвлөгөө өгөх гээд олон ажлыг хийх хөшүүрэг болсон байна.
Түүнчлэн өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд комиссоос хяналт шалгалт харьцангуй их хийжээ. Энэ талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Зөвхөн энэ онд 200 гаруй хяналт шалгалт хийсэн байна. Манайх шиг цомхон хүний нөөцтэй газарт чамлахааргүй ажил. Энэ хүрээнд 25 байгууллагад зөвлөмж, 19 шаардлагын биелэлтийг хангуулахаар хүргүүлээд байна. Мөн энэ жил сургалт сурталчилгааны ажилд ахиц гарсан” гэв.
ХЭҮК 10 аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулах үеэрээ иргэдийн гомдлыг хүлээн авахын зэрэгцээ судалгааны хэд хэдэн томоохон ажлыг гүйцэтгэжээ. Үүнээс гадна тус комиссийг Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооноос “А” статусаар магадлан итгэмжлэхээр болсноо мэдэгдсэн байна. Ингэснээр ХЭҮК гурав дахь удаагаа “А” статустайгаар Парисын зарчимд бүрэн нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага болохоо баталгаажуулсан аж.
ХЭҮБ-уудын Олон улсын зохицуулах хороо 99 гишүүн байгууллагатай, таван жил тутамд гишүүдийг магадлан итгэмжлэлд оруулж, А, B, С ангиллаар үнэлдэг аж. “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн статустай хүний эрхийн үндэсний байгууллага дээрх зохицуулах хорооны албан ёсны шийдвэрүүдийг гаргахад оролцох, санал өгөх бүрэн эрхтэй юм байна. Энэ хүрээнд комисс ирэх оны наймдугаар сарын сүүлийн 10 хоногт зохиогдох Ази номхон далайн бүс нутгийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэх ажил юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *