Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Ламбугайн нулимс” дуурьтай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагт Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна.
Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглож байсан түүхтэй. Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Б.Төмөрхуяг, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, туслах найруулагаар СТА Е.Сарантуяа нар ажиллажээ.

Харин энэ удаад уг дуурийн гол дүр болох Лодон ламд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ө.Уянга, Цэрэнлхамын эхэд М.Дариймаа, Намнанд Г.Шижирболд нар тоглоно. Түүнчлэн худалдаачид, банди нар, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө
Монголын үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дуурийн түвшинд бичигдсэн цорын ганц дуурь байдаг нь “Ламбугайн нулимс” юм. Х.Билэгжаргал агсан уг дуурийг одоогоос 27 жилийн өмнө бичихдээ Монголын орчин үеийн хөгжмийг дэлхийн хөгжмийн сонгодог стандартад хүргэсэн гэвэл маргах хүн гарахгүй байх.
Уг дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоор бичсэн юм. “Ламбугайн нулимс” богино өгүүллэгийг хүмүүс ихэнхдээ бичигдсэн цаг үетэй нь холбож тайлбарлах нь бий. Утга зохиол судлаач шүүмжлэгчид инээдмийн зохиол гэх нэг хэсэг нь байхад зарим нь эмгэнэлт зохиол гэдэг. Тухайлбал, Төрийн шагналт, нэрт эрдэмтэн Ш.Гаадамба, төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамба нар “Ламбугайн нулимс” өгүүллэг эмгэнэлт зохиол, инээдмийн зохиолын алин болох талаар маргаан өрнүүлж байсан түүхтэй. Энэ мэтчилэн хэвлэгдсэнээсээ хойш өгүүллэг нь мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээсээр ирсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *