Тэртээх 125 жилийн өмнө цагаан дээлт Дамдины гэрт мэндэлсэн үр хожмоо Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн билээ. Д.Сүхбаатар хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны арванхоёрдугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.
Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгссөний учир мөн оныхоо долдугаар сард V зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны зургадугаар сард IV жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард III жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ. Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд Монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ.
Д.Сүхбаатар 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо дөрвөн сар шахам ажиллахдаа Сибирийн тавдугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны хоёрдугаар сараас Ардын журамт цэрэгт элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны гуравдугаар сарын зургаанд Ардын журамт цэргийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжинаар томилсон ажээ.
Д.Сүхбаатар нь 1921 онд Зөвлөлт Орос улстай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм.
Тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр насан эцэслэсэн байна.