Япон Улсын Засгийн газрын 65 тэрбум 657 мянган иен буюу өнөөдрийн ханшаар 1 их наяд 675 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ. Анхны нислэгийг Улаанбаатар-Токиогийн чиглэлд МИАТ ХК үйлдэхээр төлөвлөжээ.
ИЕНИЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянган иен (1 их наяд 675 тэрбум төгрөг)
- Төсөл хэрэгжсэн хугацаа: 2013.06 сар (эхэлсэн) 2020.04 сар (дууссан)
- Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)
- Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас
- Перрон: 104,200 м2
- Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд
- Төслийн зөвлөх: “Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл
- Ерөнхий гүйцэтгэгч: “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл
Нислэг үйлдэх Авиа компаниуд:
MIAT, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines, Air Busan, SCAT Airlines, Angara Airlines
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НИСЭХ БУУДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ ХАРИУЦАХААР БОЛОВ
Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсноос хойш Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж ирсэн.
Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулсан.
Гэсэн хэдий ч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал, цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж нислэг хойшлох, саатах, цуцлах асуудал байнга гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн, Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулсан.
Япон Улсын Засгийн газар нь энэхүү бүтээн байгуулалтын төслөөс гадна “ЖАЙКА”-ийн техникийн хамтын ажиллагааны төслөөр нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, нислэгийн зурвасын ашиглалт засвар үйлчилгээ, шатахуун хангамжийн ашиглалт засвар үйлчилгээ, үнэ тариф тогтоох болон түрээсийн менежмент, зорчигчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт зэрэг Японы холбогдох байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “All Japan” хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн. “ЖАЙКА”-аас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан менежментийг хийх болсон.
Шинэ нисэх буудал нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ аялал жуулчлал, ачаа тээвэр, нисэх буудал орчмын хөгжил зэрэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.