“Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” өнөөдөр тохиож байна. Үүний хүрээнд улсын нэгдүгээр төв эмнэлэгт иргэдэд зориулсан чихрийн шижин өвчний талаар сургалт болж байгаа юм. Дэлхий дахинд чихрийн шижингээр өвчилсөн 415 сая хүн байдаг ба зургаан секунд тутамд нэг хүн нас бардаг байна. Мөн долоон жирэмсэн эхийн нэг нь чихрийн шижинтэй байна гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улсын хувьд хүн амын 6.9 хувь нь тус өвчнөөр өвчилжээ. Гэхдээ үүний цаана бүртгэгдээгүй, өвчнөө таньж мэдээгүй олон зуун хүн байгааг үгүйсгэх аргагүй юм. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Бямбадорж сургалтыг нээж үг хэлэхдээ “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх нь төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй иргэн бүрийн хүлээх үүрэг юм. Ер нь хүмүүсийн амьдралын төвшин сайжрах тусам идэх хоол нь өөрчлөгдөж байна. Хүмүүс хэтэрхий гоё, амттай хоол унд идэх боллоо. Дээр нь, хөдөлгөөний дутагдлаас болж энэ өвчлөлт улам бүр нэмэгдэж байна” гэв.
Хүний өдөрт идэх ёстой зохистой хүнсний бүтцэд жимс, ногооны хэрэглээ 400 гр багтдаг. Харин монголчууд хоолондоо голчлон мах, гурил хэрэглэдэг нь буруу хооллолтын нэгэн илрэл юм. Түүнчлэн хүн амын 24 хувь нь тамхи татдаг, 38 хувь нь архи хэрэглэдэг. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи, уур бухимдал зэрэг нь чихрийн шижингээр өвчлөх үндсэн суурь болдог ажээ.
АШУҮИС-ийн багш, доктор, профессор Х.Алтайсайхан ярихдаа “Уг өвчин нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг. Хэв шинж нэг, хоёр, жирэмсний, бусад төрлийн гэсэн дөрвөн хэлбэртэй. Эхний гурван төрөл нэлээд түгээмэл тохиолддог бөгөөд хэв шинж хоёр нь нийт чихрийн шижингийн 90 хувийг эзэлдэг. Хамгийн аюултай нь энэ өвчин шинж тэмдэггүй их удаан явдаг. Ердийн үед хүмүүс цусны сахарын хэмжээгээ үзүүлэхээр хэвийн гараад байдаг. Үүнийг нь зүгээр байна гэж андуурч огтхон ч болохгүй” гэлээ. Тус өвчнөөр өвчилсөн иргэн Д.Мөнхжаргал “Би 2007 онд шинжилгээ өгөхөд чихрийн шижинтэй гэж гарч байсан. Ер нь буруу хооллолт бас хорт зуршлаас болж энэ өвчинг туссан. Энэ өвчин миний нүдэнд нөлөөлсөн. Одоо миний нүдний хараа 90 хувиар буурсан. Дээр нь энэ хугацаанд өвчнөө эмчлэхээр их мөнгө зарцуулсан. Жишээ нь, нэг нүдний хагалгаанд ороход л хоёр сая гаруй төгрөг төлсан” гэв.