Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төвд бараа хямдруулж авах сугалаа тараана

Өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төвд бараа хямдруулж авах сугалаа тараах юм. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал” аяны хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Оюун болон маркетингийн зөвлөхөөр нь ажиллахаар түр хугацаанд ирээд буй Германы ахмад мэргэжилтнүүдийн холбоо­ны ажилтан Кристиан Глантц нартай ярилцлаа.

-Маргааш (өнөөдөр) иргэдэд тараах сугалаа­ныхаа талаар тодруулахгүй юу. Ямар учиртай сугалаа юм бэ?

-Нийслэл хот байгуулагд­саны 375 жилийн ойг тохиол­дуулан зохион байгуулж буй “Их хотын хямдрал” аяны хүрээнд манай “Бөмбөгөр-1”, “Содон” худалдааны төвүүд үйл ажиллагаагаа үйлч­лүү­­лэгч рүүгээ хандуулах, нийслэлчүүддээ бодитой бэлэг барихаар “Сугалаат худалдаа” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, маргааш (өнөөдөр) 15 мянган сугалааг иргэдэд тараана. Түүнээс 375 нь бараа бүтээгдэхүүн хямдралтай худалдан авах эрх хожно. Энэ нь манай төвийн лангуунуудаас 100 мянган төгрөгөөс дээш төг­рөгөөр бараа үйлчилгээ худалдан авах эрх байх юм.

-Сугалаагаа хэрхэн тараах вэ?

-Үйлчлүүлэгч дээрх хоёр худалдааны төв рүү орох үед манай зохион байгуулагчид сугалааны талаарх мэдээллийг өгч, сугалаанд оролцохыг хүсвэл тухайн хүний талаарх мэдээллийг бичиж, тэмдэглээд сугалааны саванд хийнэ. Ингээд л тэр хүн сугалаанд оролцох эрхтэй боллоо гэсэн үг. Түүнээс бус ямар нэгэн байдлаар бараа, материал худалдан авсан хүнд сугалаагаа өгнө гэсэн зүйл байхгүй. Манай сугалаа ямар ч төлбөргүй.

-Хонжвор нь юу байх вэ?

-Сугалааны хонжвор нь манай лангуунуудад худалдаж буй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаж авах эрх байх юм. Энэ арга хэмжээг явуулахын тулд манай түрээслэгч нар “Хямдралын сан” байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, манай түрээслэгчид бүгд оролцож, хамтдаа энэхүү арга хэмжээг хийж байна. Энэ санд хуримтлуулсан мөнгөн дүнгийн хэмжээ буюу шагналын сан нь таван сая төгрөг байгаа.

-100 мянган төгрөгийн эрх гэдгээ тодруулахгүй юу. Энэ мөнгөөр нэг л лангуунаас бараа худалдан авна гэсэн үг үү?

-Тухайн иргэн 100 мянган төгрөгийн эрх хожлоо гэхэд энэ нь таван төрлийн лангуунаас бараа авах эрх байх юм. Тухайлбал, нэг лангуунаас 20 мянган төгрөгийн бараа авах байдлаар таван лангуунаас худалдан авалт хийнэ гэсэн үг. Эдгээрт мэдээж хүнс, бараа аль аль нь байна.

-Азтанууд хэзээ тодрох вэ?

-Сугалааны тохирол нийслэлийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас болж, азтанууддаа эрхийн бичгийг нь гардуулж өгнө. Энэ өдөр манай “Содон бөмбөгөр” төвийн урд талбайд урлаг, соёлын арга хэмжээ болно гэдгийг мөн дуулгая.

-Азтанууд тэр өдөртөө багтааж худалдан авалтаа хийх ёстой юу?

-Үгүй. Зохион байгуулагчдын зүгээс ирэх арванхоёрдугаар сарын 1-ний дотор худалдаа хийх хугацаа өгч байгаа.

-Ер нь ямар төрлийн бараа, дээд тал нь хичнээн төгрөгөөр хямдарсан байх вэ?

-Одоогоор манай түрээслэгч нар эрхийн бичгийнхээ саналыг бичиж байгаа. Тиймээс яг ямар бараа, төчнөөн төгрөгөөр хямдрах эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.

-Арга хэмжээ хэдээс хэдэн цагийн хооронд болох вэ?

-10-19 цагийн хооронд болно.

-Танай Герман мэргэжилтнээс асуух гэсэн юм. Энэ удаагийн арга хэмжээг тэр зөвлөж байгаа юм байна. Ер нь Германд ийм төрлийн сугалаат худалдаа олон зохион байгуулагддаг уу?

-Ер нь бол зөвхөн Герман гэлтгүй Европын ихэнх оронд худалдааны төвүүд нь өөрийн гэсэн маркетингийн сантай байдаг. Үүгээрээ сугалаат болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулж байдаг. Орчин үед худалдан авагчид дэлгүүрт орохдоо зүгээр нэг худалдан авалт хийх гэж орохоо больчихсон. Тэд дэлгүүрийг зөвхөн худалдан авалт хийгээд зогсохгүй чөлөөт цагаа өнгөрүүлэх, найз нөхөдтэйгээ уулзах орчин болгодог болжээ. Тиймээс ч танай дэлгүүр, худалдааны төвүүд энэ байдлыг мөн харгалзаж байх нь чухал гэж зөвлөх байна.

Би худалдааны салбарт 25 жил ажиллаж байна. Хамгийн сүүлд Франкфуртад байх томоохон худалдааны төвд ажиллаж байлаа. Энэ үед тус худалдааны төвийн 25 жилийн ой тохиож, нэг сарын турш арга хэмжээ зохион байгуулж байсан юм. Үүний дүнд нэг сая гаруй герман маркийн зардал гарч байлаа.

Энэ мэт байдлаас үүдэн миний хувьд “Бөмбөгөр” худалдааны төвийг “Сан”-тай болохыг зөвлөж байгаа. Тэр сангаараа дамжуулж цаашид энэ мэт арга хэмжээг санхүүжүүлээд явж байх хэрэгтэй юм.

-Тэгвэл цаашид “Бөмбөгөр” худалдааны төв ийм арга хэмжээг зохион байгуулна, түүнийг санхүүжүүлэх сантай ч болно гэж ойлгож болох уу, Б.Оюун захирал аа?

-Тэгэлгүй яахав. Бид түрээслэгч нартайгаа хамтдаа хөгжье гэсэн уриатайгаар хэрэглэгчдэдээ байнга өөртөө татаж байх олон үйл ажиллагааг цаашид зохион байгуулна. Түүнчлэн мэргэжилтнийхээ зөвлөж буй санг ч байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаагийн арга хэмжээний хувьд тодорхой зардал гарч байна. Энэ бүхнийг байгууллага өөрөө бүрэн хариуцаж байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *