“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Ингээд өнөөдөр зодоглох манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
65 кг: ДАШТ-д анх удаа оролцож буй Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг дийлбэл Болгарын Николай Куртев, Беларусийн Азамат Нуриков нарын ялсантай барилдана.
70 кг: МУГТ Ганзоригийн Мандахнаран эхлээд Канадын Стэнли Асселстинтэй барилдахаар боллоо. Түүнийг ялбал Казахстаны Акзурек Танатаров, Энэтхэгийн Амит Кумар нарын ялсантай барилдана.
74 кг: Найман жилийн дараа ДАШТ-д зодоглож буй ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхлээд Польшийн Анжей Сокалскитэй оноолт таарлаа. Түүнийг ялбал Тажикистаны Гамид Жалилов, Испанийн Таймураз Фриев нарын ялсантай хүч үзнэ.
97 кг: ДАШТ-д анх удаа оролцож буй ОУХМ Өлзийсайханы Батзул эхний тойрогт Молдавын Николай Чибантай хүч үзнэ. Түүнийг ялбал Японы Найя Акагүма хүлээж байна.
Урьдчилсан болон дагах барилдаан монголын цагаар 16:00 цагт эхэлнэ