Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх удаа зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ.
Тодруулбал Өнөөдөр 07.00-.09.30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах ажиллагааг НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахдаа автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлийн зуны хуваарийг мөрдөх аж. Шаардлага гарвал тойргийг тэлэх юм.
Зуны бүсчлэлд Геологийн төв лабораторийн уулзвар, Саппорогийн тойрог, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвар, Долоон буудлын арын цагдаагийн пост, Цайз захын уулзвар, ХСИСургууль, ХААИС-ийн уулзвар, Их тэнгэрийн уулзвар, Яармагийн гүүрээс дотогш хүрээг хамруулдаг. Ингэснээр Саппоро, Их тойруу, 100 айл, Зүүн дөрвөн зам, Тэмээтэй хөшөө орчмоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн үг юм.
Тэгэхээр Таваншард амьдардаг иргэн 22-ын товчоо, Баянхошуу, Нисэх, Сонсголон руу ажилдаа автомашинаараа явж болно. Харин МУИС-т сурдаг оюутан автомашинтай хичээлдээ ирэх боломжгүй. Гэхдээ өглөөний 07.00 цагаас өмнө автомашинаа унаж ажил, хичээлдээ явах эрх хүн бүхэнд бий.
Мөн Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг 07.00-09.30 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.