Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс энэ баасан гаригийг дуустал гурван хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй, мөн үйлчлэхгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан.

Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэсэн юм.

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байдаг. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод байгаа билээ.

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *