-Хэргийн газраас олдсон зүйлсийг үргэлжлүүлэн баримтжуулж шинжилж байна-
Баянгол дүүргийн 2-р хорооны “Ногоон төгөл” хотхоны подвальд үл мэдэгдэх шингэн зүйл ууснаас өчигдөр таван хүний амь нас хохирсонтой холбогдуулан өнөөдөр холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна.
Олон тооны иргэд хордсон учир Шүүх шинжилгээний эцсийн дүн гартал хотын иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж эрсдлийг бууруулах үүднээс энэ сарын 18-20-ны өдрийг дуустал архи, согтууруулах бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох шийдвэр гарсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Хотын Цагдаагийн дарга Ж.Эрдэнэболд, “Хохирогчдод шүүхийн шинжилгээг хийсэн. Шингэн зүйлээс болж хордсон гэсэн дүгнэлт гарсан. Яг ямар зүйлийн шингэнээс хордсон нь эд эсийн шинжилгээгээр тодорхой гарна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн газраас олдсон зүйлсийг үргэлжлүүлэн баримтжуулж шинжилж байна. Архи худалдаалахыг хориглох талаарх нийслэлээс гаргаж байгаа шийдвэрийг аж ахуй нэгжүүд маань дагаж мөрдөх байхаа гэж найдаж байна” гэв.
НМХЕГ-аас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд 350 гаруй байцаагч ажиллаж байна гэлээ. Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 959 ресторанаас 131-д нь хяналт шалгалт хийгээд байгаа аж. Бүх байцаагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулж, өнөөдрөөс эхлэн стандартад нийцээгүй бараа бүтээгдэхүүн болон хүнсний болон техникийн спиртэд хяналт шалгалт хийнэ гэлээ. Баар, цэнгээний газруудад мөн шалгалт хийх аж. Энэ нь удахгүй болох гэж байгаа сар шинийн баярыг угтсан хүнсний аюулгүй байдлыг хангасан хяналт шалгалтын нэг хэсэг байх гэнэ.
О.ӨНӨР