Дэлхий дахинд коронавирусийн омикрон ВА4, ВА5 хувилбарын давлагаа явагдаж байна. Тиймээс манай улс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг дөрөвдүгээр тунгийн вакцинд хамрагдахыг уриалж байгаа юм. Мөн удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлллээ. Эцэг эхчүүд 5-11 насны хүүхдээ вакцинжуулалтад хамруулах бол харьяа дүүрэг харгалзахгүй вакцинжуулалтын цэгт очих боломжтой юм.
Хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ач тус болон омикрон ВА4, ВА5 хувилбарын талаар мэргэжлийн хүмүүс дараах тайлбарыг өгсөн юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал: –5-11 насны хүүхдүүдэд вакцин хийхдээ насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэгээр хоёр удаа хийнэ. Ингэснээр дээрх насны хүүхдүүд халдвараас 90 хувь хамгаалагдах боломжтой. Дээрх насны хүүхдүүдэд АНУ-ын “Pfizer” компаниас оруулж ирсэн бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакцин хийнэ. Тухайн вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэсэн зүйл байхгүй.
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: -Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давлагаа эхэлсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA4, BA5 хувилбар нийт тохиолдлын 10 орчим хувьд илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа харьяа салбар зөвлөл, бусад төрийн бус байгууллагуудын саналыг авсан. Дэлхийн олон оронд хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж ДЭМБ болон ЭМЯ шийдвэр гаргаж байгаа. АНУ-д гэхэд 2021 онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна. Мөн бусад улс орнууд ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. “Pfizer-BioNTech” вакциныг АНУ тэргүүтэй зарим оронд зургаан сараас дээш насны хүмүүст тарьж байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас вакцины найдвартай байдалд баталгаа өгсөн. Хүүхдийг хүнд хэлбэрийн Covid-19 өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлэхэд вакцин гол үүрэгтэй.
Бид вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. ДЭМБ болон бусад улс орны эрүүл мэндийн байгууллагууд ч судалж байгаа. Энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Мэдээж сайн дурын үндсэн дээр учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтой. Монгол Улсын хувьд “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа.
Цар тахал намжсан гэж иргэд тайвширч болохгүй. Халдвар хамгааллын хувийн дэглэмийг сайтар баримталж, амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Омикрон хувилбарын тухайд олон хувилбартай. Шинэ хувилбар бүрийн хоруу чанар өөр, өөр. Тиймээс иргэд тайвшрахад эрт байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайхан: -Дэлхий дахинд омикроны ВА4, ВА5 хувилбарын давлагаа явагдаж байна. Япон улсад хоногт 180 мянган тохиолдол илэрч байгаа бол БНСУ-д хоногт илрэх тохиолдлын тоо 100 мянгыг давсан байна. Харин манай улсад ВА4, ВА5 хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ХӨСҮТ-өөс зургаа, долоодугаар сард сорьцод шинжилгээ хийж үзэхэд BA5 дэд хувилбар манай улсад давамгайлж байна гэж гарсан. BA5 хувилбарын нууц үе 2-4 хоног байна. Нийт халдвар авч байгаа хүмүүсийн дөрөвний гурав нь анх удаа халдвар авсан бол дөрөвний нэг нь давтан халдвар авсан байна. 18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. BA4 болон BA5 хувилбарын эмнэл зүйн шинжийн хувьд хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих зэрэг шинж тэмдгүүд илүүтэй илэрч байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа: -Омикроны ВА4, ВА5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна. Хөнгөн өвдөж байгаа иргэдийг гэрээр эмчилж байна. Харин жирэмсэн эх болон хүүхдүүдийг шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч байгаа. Омикрон ВА5 хувилбарын нууц үе харьцангуй богино байна. Мөн халдварлах хугацаа нь хагас өдөр байгаа нь халдвар хурдтай тархах эрсдэлийг үүсгэж буй. Иймд иргэд амны хаалтаа зүүж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах зэргээр арга хэмжээ авах шаардлагатай.