Categories
мэдээ нийгэм

Өнөө орой “Хар баасан гариг” болно

Өнөө орой Монголд анх удаа жинхэнэ утгаараа хар баасан гариг болох ажээ. Тодруулбал, Номин Юнайтед их дэлгүүрт энэ шөнө электрон бараа, гэр ахуйн бараа, гоо сайхны бараа, бугуйн цаг, бэлэн хувцас, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, америк хүнс, герман обой гэх мэт олон бараа бүтээгдэхүүн онцгой хямдрах юм байна. Энэхүү хямдрал нь ердөө дөрөвхөн цагийн турш үргэлжлэх бөгөөд 22:00 цагаас эхлэх юм. Өнгөрсөн жил Maxmall худалдааны төв “Black Friday” хямдралыг зохион байгуулж дэлхийн албан ёсны брэндүүдийг талаас доогуур үнээр борлуулсан. Тэгвэл энэ жилийн хувьд тус худалдааны төв энэ сарын 27-30-ны өдрүүдэд 10,000 ширхэг бараа бүтээгдэхүүнээ 50-80 хувийн хямдралтайгаар худалдаалах юм байна.

Black Friday буюу “Хар баасан гариг” гэж юу вэ

АНУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн Талархлын баярын дараагийн өдөр буюу баасан гаригийг “Хар баасан гариг” гэж нэрлэдэг. Хар баасан гариг нь зул сарын баярын худалдан авалтыг нээж байгаа өдөр юм. Энэ өдрөөс эхлээд зул сарын баяр хүртэл бүтэн сарын турш бүхий л худалдааны төвүүдэд янз бүрийн хямдрал үргэлжилдэг аж. Эл өдөр бараг бүх дэлгүүр хоршоо өглөөний таван цагаас онгойх ба зарим томоохон худалдааны төвүүд шөнө дундаас үүд хаалгаа нээдэг байна. Худалдааны газрууд өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан хямдралын самбарыг гаднаа хадна. Хүмүүс онгойхоос нь хэдэн цагийн өмнө ирж тусгаарласан шугамын ард зогсоод худалдан авалт хийхдээ бэлтгэнэ. Дэлгүүр бүр худалдан авагчдын сонирхлыг татах сонин содон гэсэн зүйлсээ хямдруулж тавихыг зорьдог байна.

Талархлын баярын хямдралаар хамгийн их зарагддаг зүйл нь гэр ахуйн цахилгаан бараа юм. Дараагийн гүйлгээтэй бараа нь бэлэн хувцас, зул сарын баярын бэлэг дурсгалын зүйлс байдаг бөгөөд тэр дундаа тоглоомыг иргэд их хэмжээгээр худалдан авдаг байна.

Арилжаа наймааны ангуучдын хувьд хар баасан гариг бол ямар ч эргэлзээгүйгээр жилийн хамгийн том фестивальд тооцогддог ажээ. Хар баасан гариг албан ёсны амралтын өдөр биш боловч дийлэнх америкчууд энэ өдөр ажлаа хийдүүлдэг гэнэ. “Хар баасан гариг”-аар худалдан авагчид дэлгүүрүүдэд хэт олноор цуглардгаас болж хүний аминд аюул учрах явдал ч цөөнгүй гардаг аж.

Яагаад “Хар баасан гариг” гэж нэрлэсэн бэ

1966 оноос ийн нэрлэх болсон байна. Ихэнх жижиглэн худалдаа эрхлэгчид хар баасан гаригаар их хэмжээний ашиг олсон гэж тайландаа дурдсан байдаг. Энэхүү “хар” гэсэн үгийн тухайд Америкийн бизнес эрхлэгчид ашиг, орлогын тайландаа алдагдлыг улаан бэхээр, харин ашгийг хар бэхээр тэмдэглэдэг байжээ. Энэ уламжлал нь одоо ч Америкийн орчин үеийн нягтлан бодох бүртгэлд ашиглагддаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *