Categories
гадаад мэдээ

Өнөө орой британичууд хоорондоо тоглоно

Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 22:00 цагт Францын Ланс хотын “Боллер-Делели” цэнгэлдэх хүрээлэнд Их Британийн хоёр баг болох Англи болон Уэльсийн хөлбөмбөгийн шигшээ багууд хоорондоо тоглоно. Энэ хоёр баг Орос болон Словакийн багуудын хамт В хэсэгт багтаж байгаа ба энэ өдрийн тоглолтын ерөнхий шүүгчээр Германы иргэн Феликс Брых ажиллах юм.

Уэльсийн шигшээ гарааны тоглолтондоо Словакуудыг 2:1 харьцаагаар хожсоноор хэсэгтээ тэргүүлж байгаа ба багийн манлай тоглогч болох “Реал Мадрид”-ын довтлогч Гарет Бэйл торгуулийн цохилтоор гоол оруулсан юм. Өнөөдрийн тоглолтын хувьд английн баг ялна гэх таамаглал байгаа ба Уэльсийн шигшээгийн дасгалжуулагч Крис Коулмэн хэлэхдээ “Британичууд хоорондоо тоглох гэж байгаа талаар их ярьж байгаа нь надад сонин биш ээ. Бид өмнө нь яаж тоглодог байсан, тэрэн шигээ л тоглоно” гэжээ.

Өнгөрсөн 150 жилийн түүхэнд Уэльсийн шигшээ баг англичуудтай гэхээсээ Шотландын багтай илүү олон удаа учраа тааран тоглож байжээ. Англитай хийсэн 103 тоглолтод уэльсчууд дөнгөж 14 удаа ялж, 68 удаа хожигдож байсан юм. Уэльсийн баг хамгийн сүүлд 1984 онд англичуудыг буулган авч байсан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *