Categories
мэдээ цаг-үе

Өнөө жилийн наадмаар хэн түрүүлэх вэ?

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 149(4789) дугаарт

Өмнөх тэмдэглэлдээ
Б.Гончигдамба гарьд, Б.Пүрэвсайхан начин хоёр дээр ерөнхийдөө тогтож, Архангайн
Р.Пүрэвдагва, Ховдын О.Хангай нарын идэрхэн хүчтэнүүдийн талаар өгүүлсэн. Харин
эл удаа түрүүлэх магадлалтай хэд хэдэн бөхийг нэрлэе. Жагсаалтын эхэнд Ч.Санжаадамба
заан бичигдэнэ байх. Эхний тэмдэглэлийг уншсан хүмүүсээс “тэр түрүүлнэ” гэсэн мессеж
олныг авсан л даа. “Яагаад Санжаадамбыг бичихгүй байна, Санжаа л түрүүлнэ” гэх фэнүүд
нь их хандаж байна лээ. Мань хүн жилийн жилд л түрүү бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг.
Гэвч ерэн жилийн ойгоор Ц.Содномдорж харцагатай тунаж, барилдаан нь будилж, Содномыгоо
уйлуулж, наадамчдыг олон цагаар чилээн байж долоо давснаас хойш олигтой барилдаан
гаргасангүй. Дараа жил нь буюу 2012 онд “бөхийн аранга” гэгддэг харцага Пүрэвжавыг
тавын даваанд амлаж хамгийн түрүүнд унаж байв. Тэр жил Санжаа үнэндээ онцгой байсан.
Монгол бөхийг Геннист бүртгүүлсэн зургаан мянга гаруй бөхийн барилдаанд торолгүй
түрүүлж, заал танхимын барилдаанд босоо байлаа. Гэтэл наадмаар өнөө бөхийн арангад
чинь сөхрөөд унаж байгаа юм. Буруу ам аваад тэр л дээ. Ер нь төрийн наадмын тавын
даваанд ам авна гэдэг бас амаргүй шиг билээ.

Жаран нэгэн онд Мөөеө
аварга улсын заан цолтой ид үедээ Дорнодын “хар” Дугарсүрэнг аваад унаж байсан бол
далан онд хоёр Мөнхийг эзгүй хойгуур Цэрэн аварга “өмсдөг” Дамдиндорж зааныг амлан
дархан өмсөх мэхэнд нь орж тархиараа газар шааж байсан түүх бий. Энэ түүх Санжаадамба
дээр давтагдсан хэрэг. Тэрээр өнгөрөгч жил тав даваад зургаагийн даваанд Төв аймгийн
Б.Батмөнх зааныг амлаад мөн л дархан хавирах мэхэнд нь шороодсон. Бас л буруу ам
авсан. Цаана нь Булганы Энхбат начингаас аваад Говь-Алтайн Цэрэнтогтох, Увсын Батсуурь
гээд амлаад барилдчих бөхчүүд байж л байсан. Яахав, манай хүн тэр жилийн цагаан
сарын барилдаанд Батмөнхтэй хүч үзэж, хөл дээр нь гишгэж түүнээсээ болж буруутан,
улмаар барилдах эрхээ хасуулсан удаатай. Уг явдал цээжинд нь хадгалаатай яваад л
байж, тэгээд даагаа нэхэж балрахгүй юу. Өнөө жил залуу заан төвөггүй гурав давна.
Харин дөрвийн давааны оноолтод Ховдын Хангайтай таарах магадлал маш өндөр байгаа. Цагаан сараар унасан шигээ бөгсөөрөө суучихвал байдал эвгүйтнэ. Гэвч харж л байхаас.
Хэрвээ тэр хоёр оноолт таарвал үнэн гоё  юм
болно. Бөхийн шуугиан тийнхүү дөрвийн даваанаас эхэлнэ. Хоёр жилийн өмнөх наадмаар
Өсөхөө аварга Сугаржаргал гэж аймгийн заанд, залуу аварга Мөнхбат “Увс нуур” галынхаа
бөх аймгийн арслан Бүрэнтөгст унаж, үндсэндээ зүүн, барууны магнай хоёр аварга хоёулаа
гурав даваад элэг бүсээ тайлж байлаа. Энэ жил ч ялгаагүй, дөрвийн давааны оноолт
зүрхшээмээр таарах нь дамжиггүй. Зүүн, барууны магнай гэснээс энэ жилийн наадам
их олон сюрпризээр дүүрэн байх магадлалтай болоод явчихлаа.

Р.Гончигдорж тэргүүтэй
гишүүдийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж далай
аварга цолыг албан ёсоор хассан. Тэгэхээр хуулийн дагуу даян аварга Г.Өсөхбаяр,
А.Сүхбат нар дархан аварга цолны болзлыг хангаж байгаа. Наадмын өмнөхөн төрийн тэргүүн
зарлиг гаргаж дээрх хоёр аваргад цолыг нь олгох болов уу. Тэр жил наадмын урьд өдөр
А.Сүхбатад даян аварга цолыг хуулийн дагуу олгож байсан. Түүн шиг хоёр аваргад дархан
аварга цолны үнэмлэхийг гардуулах байх. Хэрвээ Сүхбат дархан аварга болох юм бол
зодоглоно гэсэн яриа байгаа. Аваргын ойр тойрныхноос ч ийм ярианы сэжүүр дуулдаад
байна. Олны үг оломгүй далай гэгчээр  уг яриа
хөөрөө үнэн болж ард түмний хайртай аварга зодогловол наадмын сценари төлөвлөгөө
өөрчлөгдөнө. Баянаа, Мөөеө хоёр жараад оны дунд үеэс хоёр мянгаад оны эхэн хүртэл
наадмын дэглэлтийг тус тусдаа хийж байсан шиг Өсөхөө, Сүхбат хоёр Монгол Улсын дархан
аварга хэмээн зүүн, барууны магнайд цоллуулаад, мөн л өөр өөрсдийнхөө төлөвлөгөөг
боловсруулна. Сүхбат аварга наад зах нь долоо давна даа. Гурав, тав, зургаагийн
даваануудад шавь нараасаа хүртэнэ байхЕрэн дөрвөн онд Мөөеө
аварга хөдөлмөрийн баатар цол хүртээд тэр жилийн наадамд 53 насандаа зургаа давж
байсан. Тавын даваанд Хэнмэдэхийн Амарааг, зургаад Хэнмэдэхийн Түвшинсанааг орхиж
байлаа. Үндсэндээ алдарт уяачийн хоёр хүүг өвдөглүүлэн долоогийн даваанд өөрийн
шавь Ринченхүүгийн Гансүхийг амлан заан цолонд хүргэж байсан. Түүн шиг Сүхбат аварга
долоогийн даваанд яадаг бол. Даваабаатарыгаа хүчээр зургаа давуулаад заан цолонд
хүргэнэ гээд үзчихдэг болов уу. Өнөөх нь дөрвийн давааны нугалаанд явчих магадлалтай.
2012 онд гурав даваад Өвөрхангайн Т.Санчирт, өнгөрөгч жил мөн гурав даваад Увсын
С.Батсуурь начинд унасан. Сүхбат аварга маань цагаан хоолтон боллоо гээд нэг хэсэг
баахан “гэгээрсэн” дуулддаг. Харин сүүлд мах шөлөө идэж уугаад бие хаа нь ч товир
сайхан болоод ирснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол тасалдаггүй
юм гэдэг шүү. Хоёр жилийн өмнө байна уу даа, “Монголын топ-100 залуу улстөрч”-ийн
нэгээр тодорч шагналаа гардах үед нь уулзахад “Залуу аварга Мөнхбат надтай хамт
бэлтгэл хийж байгаа” гэж байсан. “Олимп” дэвжээндээ шавь нартайгаа, үндэсний бөхийн
залуу хүчтэнүүдтэй ир бяраа сорьж  өөрийнхөө
багцааг мэдэрдэг байна. Арав гаруйхан хоногийн дараа эхлэх наадмын дэвжээнд  “жижиг” аварга өнөө л хүрэн тэрмэн дээлтэйгээ
зодог шуудгаа бүсэлчихсэн орж ирээд, ард түмнийхээ хайр хүндэтгэл дор зүүний магнайд
дэвэн дэлсээр гараад ирвэл ч сайхан даа. Бөхөд дуртай олны бах нэгэн ханах байх
даа.

Сүхбат аваргын тухайд
ийм байна. Одоо түрүү үзүүрт яригдаж байгаа бөхчүүдийн дарааллыг үргэлжлүүлэн хүргэе.
Санжаадамбын удаад Содномдоржийн нэр зүй ёсоор бичигдэж таарна. Тэрээр яалт ч үгүй
энэ цагийн өнгө болсон хүчтэнүүдийн нэг. Бие хаа гэж зорчихсон, зурчихсан юм шиг
сайхан. Охид бүсгүйчүүдийн харцыг эрхгүй булаадгийг нь хэлэх хэрэгтэй. Харин сүүлийн
хэдэн жил нэг л санасандаа хүртэл барилдаж чадахгүй байгаа. Өөрийг нь дэмждэг, өндөр
цолонд хүрчихээсэй гэж хүсэн хүлээдэг олны итгэлийг хөсөрдүүлээд л байгаа. 2011
онд долоогийн даваанд Санжаадамбатай будилж наадмын дэвжээнд нутгийн ах, нэг галын
бөх Х.Мөнхбаатар арслантай хамт суулт зарлаж, олны өмнө эхэр татан уйлж байсан харцага
дараагийн хоёр жилд хоёуланд нь тавын даваанд унасан.

Увсын  Ө.Бат-Орших, Төв аймгийн Б.Батмөнх нарт тахим
өгсөн юм. Өнөө жил бас маапаантай байгаа. Цагаан сараар Гончигдамбын гарыг илт хөшсөнөөс
болж барилдах эрхээ хасуулсан. Бөхийн дэвжээнд байж боломгүй үйлдэл нь түүний нэр
хүндийг ихээхэн унагаж, олон ч хүний хараалыг идсэн дээ. “Бөхийн холбоо барилдах
эрхийг нь ядахдаа хоёр жилээр хасаач” гээд л хэн хүнгүй орилоод байсан. Цагаан сараас
хойш бөхчүүд Содномтой барилдахдаа машид анзааргатай болсон харагдана лээ. Гар хурууг
минь хугалчих вий, сээр нурууг минь гэмтээчих вий гэж болгоомжилдог болж, зөв л
дөө. Тэгэхгүй бол манай хүн инээж байгаад баллана, сураагүй юм биш. Түүний хувьд
тавын давааг л гэтэлчих юм бол цойлоод гараад ирэх магадлалтай. Тавын даваанд Пүрэвсайхан,
Пүрэвдагва, Булганы Энхбат, Өмнөговийн Одбаяр, Өвөрхангайн Сугаржаргал нарын начингууд
Хэнтийн Оюунболд харцага нараас ам авна.

Ноднин Батмөнхийг
аваад буруудсан шиг буруу ам авчихгүй бол тав давна. За тэгээд зургаагийн даваа
асуудалгүй. Шинээр начин болж хөөрөл нь дарагдаагүй байгаа нөхдөөс нэгийг нь амлаад
шороодуулчих байх. Ингээд долоогийн даваанд Санжаадамбатайгаа тунана даа, өөр аргагүй.
Тэр хоёр олон ч тунаж байсан, ихэвчлэн Санжаа нь давдаг. Өнөө жил таарвал ямар барилдаан
гарахыг таашгүй. Санжаа заан дайрдгаараа дайраад л, Дүвчин багшийнхаа заасан хөл
мэхүүдийг тулгуухан хийгээд туушиндчихна биз ээ. Гол нь Санжаа Содномоосоо болгоомжлох
нь зүй. Хамаа замбараагүй дайрч байгаад уурыг нь хүргэж гар хуруугаа хөшүүлэх вий.

Д.Бумбаяр заантай
саяхан уулзахад түрүүлэх магадлалтай бөхчүүдэд Содномдорж, Гон­чигдамба, Мөнхбат,
Бүрэнтөгс, Санжаадамба нарыг нэрлэсэн. Монгол бөхийн дэвжээнд зургаан залуу зааны
үед ид гарч ирсэн хүчит зааны үг ончтой байж таараа.

Өнөө жил Увс аймгийн
галыг Баянмөнхийн Гантогтох гарьд ахалж байгаа. Балжаа аваргын нууц төлөвлөгөөг
үргэлжлүүлж буй Ганаа гарьдад бодсон юм байгаа. Ааваасаа асууж, зөвлөлдөж буй нь
ч мэдээж. Сүүлийн гурван ч жил дараалан төрийн наадмын түрүү хүртсэн, бөхийн өлгий
болсон Увс нутгийнхны галыг Баянаа аваргын хүү ахалж байгаагийн хэрэг юу билээ.
Бас нэг түрүү гэж л ярина. Мөнхбат аварга, Бүрэнтөгс арслан хоёроос гадна Увс аймгийн
Ховд сумын харьяат Намсрайжав харцагын хүү Батсуурь гэж харцага цолтой залуу бий.
Түүнийг их дээшээ барилдах болов уу гэх таамаг манайханд байгаа. Хэнээс ч бэргэж,
хулчийдаггүй, эрс шийдэмгий барилдаантай залуу харцагыг түрүү үзүүр булаалдах гээд
хоёр Дамбын нэгтэй, эсвэл Содномтой, өөр хэнтэй ч юм бэ дээ зогсож байхыг үгүйсгэх
аргагүй. Түрүү жил аварга цол зүүдэлж ирсэн Бүрэнтөгсийгөө дөрвийн даваанд шороодуулж
өгөөд тавын даваанд харцага Т.Өсөх-Ирээдүйг, зургаад Говь-Алтайн Л.Цэрэнтогтохыг
тунаж даваад долоод Б.Батмөнх заантай тунаж барилдаад унасан. Төрийн наадмын зургаа,
долоогийн даваанд дараалж тунана гэдэг шийртэй аавын хүү гэдгээ харуулж буй явдал.
Батсуурь тийнхүү харцага болчихоод дараахан нь Завхан аймгийн 90 жилийн ойд очиж
Гончигдамба гарьдтай түрүү үзүүр булаалдаж байсан. Тэрээр удамтай бөхчүүдийн нэгэн.
Аав нь улсын харцага цолтой бөх. Аавынх нь ах Гилэгийн Даваасамбуу гэж улсын начин
бий. Наян хоёр онд Жамбалын Хайдав арслангаар тав давж улсын цол хүртэж байлаа.
Тэгвэл өвөө нь Жотойн Гэлэг гэж улсын начин цолтой бөх байжээ. Тавин оны наадамд
гэдэг шиг санагдана, Шаравын Батсуурь аваргыг ид үед нь өвдөглүүлж начин болж байсан
түүхтэй юм билээ. Тэгэхээр Батсуурь гурван үеэрээ барилдаж байгаа бөх юм. Өлзийсайханы
Эрдэнэ-Очир арслан шиг л бөх юм даа. Жаахан хүүхэд томчуудын аманд гарч байх үедээ
хэзээний билээ дээ цагаан сарын барилдаанд Өсөхөө аваргыг дөрвийн даваанд өвдөглүүлж,
Бөхийн өргөөнд цугласан олны хөөрлийг дээд цэгт нь хүргэж байсан. Сумогийн их аварга
Асашёорюү Д.Дагвадоржийг төрийн наадамд зодоглоно хэмээн сэвж явахад хандыг нь хага
дарсан аавын хүү дээ. Тэр тухай өмнөх тэмдэглэлд өгүүлсэн билээ.

“Увс нуур” галынхан
Мөнхбат аваргаа дээшээ явна гэж харж байгаа. Мөнхбатын хувьд түрүү дахиад байж л
байгаа. Далай аварга цол хасагдчихсан, ахиад хоёр түрүүлэхэд дархан аварга цолонд
хүрнэ. Тэгэхээр мань эр их л нигууртай үзнэ дээ. Өсөхөө, Сүхбат аваргууд зүүн барууныг
магнайлбал манай хүн сүрд дарагдаж магадгүй юм. Гэвч аварга аваргаараа төрдөг гэж
сайхан үг бий шүү дээ. Мөнхбатад, Эрхэмбаярт ч ялгаагүй дөрвийн давааны оноолт гэж
тааварлах аргагүй хэцүү юм байна. Тэр жил Ц.Цэрэнпунцаг гарьд Увсын Элбэгбаяр гэж
залууд гурвын даваанд унаад өнөөх чинь дөрвийн даваанд Д.Цэрэнтогтох аваргатай оноолт
таараад давчихаж билээ. Уул нь Цэрэнтогтох аварга дөрвийн даваанд учраа таарах бага
цолтой залууг Өвөрхангайн Ганбаатар арслангаар гурав давуулаад байсан. Гэтэл Пунцагаа
гэж золиг гурвын даваанд залуу бөхөд тахимаа өгч Цээнээ аваргын төлөвлөгөөг будлиулж
байсан. Энэ мэтчилэн дөрвийн давааны оноолт урьдчилан тааварлах аргагүй байдаг.
С.Мөнхбат аварга ерэн жилийн түүхт ойн түрүү хүртсэнийхээ дараа жил нь дөрвийн даваанд
Бүрэнтөгст унаж байсан. Өнөө жил яах юм байгаа. Өвөрхангайн аймгийн начин Хүрэл-Очирын
Гантулга, Ховд аймгийн Зэрэг сумын бөх аймгийн харцага Баярхүүгийн  Бат-Өлзий, Баянхонгор аймгийн харьяат аймгийн
заан Нацагсүрэнгийн Золбоо гээд хэдэн яггүй “аваргууд” бий. Тэд дөрвийн давааны
оноолтод аварга, арслангуудтай таарна. Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны
ойн чансаа өндөр 128 бөхийн барилдааны хоёрын даваанд аймгийн харцага Бат-Өлзий,
арслан Бүрэнтөгсийг ганцхан дайрчихаад л яваад өгсөн. Наадмаар таарвал тун эвгүй.

Дээшээ барилдах магадлалтай
бөхчүүдийн тоонд Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн
Энхбат орж байгаа. Тэрээр жин багатай ч тун чиг уран барилдаантай нэгэн. Саяхан
даа, зургадугаар сарын эхээр болсон Чингэлтэй хайрханы хишиг 256 бөхийн барилдаанд
Энхбат начин Архангайн Пүрэвдагва, Төв аймгийн Батмөнх гээд энэ цаг үеийн шилдэг
хүчтэнүүдтэй тунаж орхиод түрүү үзүүрт Эрхэмбаяр аваргаа гарын үзүүрээр хөнгөхөн
аргалчихаад л түрүүлчихнэ билээ. Наадмаар дээрх бөхчүүдтэйгээ хүч үзэж бүгдийг нь
хаяад нимгэн хээр үрээ нүүрэнд гараад ирдэг шиг долоо, наймын даваанд зогсож элбэгхэн
чадах хүн дээ. Начин цолоо гурван удаа батлаад байгаа эрэмбэтэй бөх одоогоор байхгүй
байх. За тэгээд Өмнөговийн Одбаяр гэж хэцүү “амьтан” байнаа, тавын давааны тунаанд
л очно. Увсын Төрөөгийн Баасанхүү гэж аварга, арслангуудын баруун зүүн сугаар ороод
гараад явчихдаг ёстой нөгөө манайхны хэлдгээр барьцгүй  бөх бий. Аймгийн цолтой байхдаа “Нутгаа дуурсгана”
бөхийн шилдэг дэвжээ шалгаруулах хүчтэнүүдийн барилдаанд хамгийн олон давсан бөхөөр
тодорч байсан. Түрүү жил өөрөөс нь хамаагүй өндөр Ганбаатар гарьдтай дөрвийн даваанд
таарч, суганд нь хэд хэд эргэж байснаа тонгорчихоод яваад өгсөн. Өнөө жил бас л
шуугиулж таарна. Баасанхүү шиг аварга, арслангуудын зүрхэнд шар ус хуруулсан хатуу
боорцгуудыг нэрлэж барахгүй ээ. Хэний ч санаанд ороогүй залуу хүчтэн цоройгоод гараад
ирэхийг ч үгүйсгэхгүй. Өнөө жилийн наадам дуулиан шуугианаар дүүрэн болно доо.

 Н.ГАНТУЛГА         

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *