Categories
мэдээ нийгэм

Өнөө жил “Чингис хаан” одонг зохиолч Г.Мэнд-Ооёод гардуулахаар болжээ

Жил бүр Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” төрийн дээд одонг гардуулдаг билээ. Өнөө жил зохиолч, орчуулагч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг соёлын академийн хүндэт доктор Гомбожавын Мэнд-Ооёод энэхүү төрийн дээд одонг хүртээхээр болжээ.

Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингис хааны одонг гардуулахаар болсон байна.

Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нь 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн байна. Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол ,1998 онд “Алтан овоо” “Утгын болор сүм” номоороо МЗЭ-ийн шагнал, 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны шилдэг зохиолч шагналыг хүртэж байсан билээ.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *