Монголын хуучны уран сайхны кинонууд ихэнхдээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Эдгээр уран бүтээлийн нэг бол 1980-аад оны үед гарсан “Өнөр бүл” кино юм. Тэгвэл тус киноны орчин цагийн хувилбар болох “Өнөр бүл өнөө цагт” нэртэй киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Хүлэгү пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл” хамтран “Эдүгээчилсэн монгол кино” төслийг санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд тус кино анхны бүтээл нь юм байна. Одоогоос 36 жилийн өмнө “Өнөр бүл” киног анх Дожоодоржийн зохиолоор найруулагч Д.Жигжид найруулж олны хүртээл болгож байсан түүхтэй. Тэгвэл тус киноны зохиолыг “Өнөр бүл өнөө цагт” болгон Т.Номуунзул шинэчлэн бичиж Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга найруулагчаар ажиллажээ. Тус кино багийнхан энэхүү бүтээлийнхээ талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр хуваалцсан сэтгэгдлийг хүргэж байна. Найруулагч С.Баттулга “Хуучны киног шинэчлэн найруулах, сэргээх гэж л зорилоо. Дэлхийн кино урлагт олны таашаалд нийцсэн хуучны киног дахин бүтээж, дэлгэцнээ гаргах явдал өргөн түгсэн байна. Тухайлбал,ОХУ-ын “Ийм нэгэн явдал” киног нэрлэж болно. Энэхүү киног найруулагч Эльдар Рязановын найруулгаар 1977 онд анхлан бүтээсэн байдаг. Харин 2011 онд найруулагч Сарик Андреасян дахин сэргээж дэлгэцнээ гаргасан. Монголын киноноос гэвэл 1985 онд Балжинням найруулагч найруулж олны хүртээл болгосон “Би чамд хайртай” кино байна. Тус киног 2010 онд найруулагч Б.Баатар үргэлжлэл хэлбэрээр дахин бүтээсэн байдаг шүү дээ” гэсэн юм. Цаашдаа “Эдүгээчилсэн монгол кино” төсөл “Аман хуур”, “Сэрэлт” зэрэг киногоор үргэлжилж магадгүй аж. Харин тус кинонд үйлдвэрийн дарга Ардын жүжигчин Г.Мягмарнаран “С.Баттулга надад ийм кино байна гээд санал тавихад би их гайхаж, цочирдсон. Тэгээд 1980-аад оны үеийн аварга уран бүтээлчид, тэр дундаа Жигжид найруулагчийн бүтээлийг энэ хүү барьж авч хийнэ гэдэг чинь юу билээ гэж эргэцүүлж бодлоо. Энэ кинонд нь би оролцвол хүмүүс сайнаар хүлээж авахгүй дээ. Сүүлд нь яаж шүүмжлүүлэх бол гэж шаналсан шүү. Гэхдээ надад нэг л зүйл сонирхолтой санагдсан. Урьд нь “Ардын элч”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” зэрэг хуучны киног барьж авч өнөө цагт шинэчлэн найруулсан нэг ч кино уран бүтээлч байхгүй. Залуу уран бүтээлчдийн тэр халуун зориг надад ташуур болсон. Одоо дүүрсэн. Ямар ч байсан ичиж зовохгүй үзэхээр хэмжээний бүтээл болж чадсан байх” хэмээн ярьж байсан. “Өнөр бүл” киноны гол дүр болох Гармаад Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий тоглосон. Түүнийг үзэгч түмэн “Сахиул уу, сахиус уу” киноны Баатар, “Үүрийн цолмон” киноны Нямбуу “Эргэж бодох бодол” киноны Эрдэнэ зэрэг олон дүрээр нь таних биз ээ. Харин киноны хамгийн гол зангилаа, чимэг болсон дүр бол Цэрмаа. Түүний дүрд өдгөө Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ц.Чулуунцэцэг тоглосон байдаг. Дундговь аймгийн тэмээчин бүсгүйг нэгдэлчдийн их хурлын тоглолтод оролцоход нь гярхай найруулагч харсан гэж ярьдаг. Харин нөгөө Гармаад цэргийн чуулгын дуучин Жанчив тоглосон. Мөн жүжигчин Б.Цэцэгбалжид, Гармаагийн ээжид Ардын жүжигчин Долгорсүрэн гуай тоглосон юм. Тэгвэл орчин цагийн “Өнөр бүл өнөө цагт” киноны Гармаад Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглосон бол Цэрмаад Б.Болормаа хэмээх сэтгүүлч тогложээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, гавьяат жүжигчин Д.Мэндбаяр, Ш.Алтанцэцэг, Ж.Оюундарь зэрэг уран бүтээлчид тогложээ. Киноны анхны хувилбарт дөнгөж төрсөн хоёр хүүхдийг төрөх эмнэлгээс гарахад нь зургийг нь авч тоглуулж байсан бол одоогийн хувилбарт гурван ихэр хүүхдийг тоглуулжээ. Учир нь хоёр ихэр хүүхэд өнөө цагт тийм ч содон үзэгдэл биш болсонтой холбоотой аж.
Д.Баттөмөр: Ч.АЛТАН-ӨЛЗИЙ АХЫГ ДУУРАЙХААС ИЛҮҮ ОРЧИН ЦАГИЙН ГАРМААГ ГАРГАХЫГ ХҮССЭН
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.
-Найруулагч таныг Гармаагийн дүрд аль талаас нь илүү тохирно гэж харсан бол?
-Найруулагчийн л сонголт. Миний хувьд хуучин цагийн Гармаа ямар байсан бэ гэдгийг дуурайж давтахаас илүүтэйгээр орчин цагийн Гармаа ямар байх вэ гэдгийг өөрийнхөөрөө дамжуулж, өөрийн харсан өнцгөөрөө гаргахыг л хичээсэн.
-Яг юугаараа ялгаатай байх нь үзэгчдэд сонин байх болов уу?
-Бүх юм өөрчлөгдсөн байна. Би 1980-аад оны хүүхэд. “Өнөр бүл” кино намайг төрөхөөс өмнө хийгдсэн кино. Тэр үеийн Улаанбаатар, өнөөдрийн Улаанбаатар хот хоёр бол танигдахааргүй өөрчлөгдсөн. Тэгээд бас Гармаа хүнд тусархуу, маш сайхан сэтгэлтэй хүн. Өнөө цагт ийм сэтгэлтэй, аливаад сэтгэлээрээ ханддаг хүн ховордсон. Тиймээс такси барьж явснаа замын хажууд зогсож байгаа эмэгтэйг хараад л машинаа зогсоогоод эмнэлэгт хүргэж өгөх тийм хүн байгаа юу гээд л найруулагч зохиолчтойгоо багагүй зөрчилдсөн. Урлаг бол хүмүүсийг соён гэгээрүүлж байдаг учраас ийм хүн байгаасай, олон байгаасай гэдэг санааг энэ дүрээрээ дамжуулан хүргэхийг зорьж ажиллалаа. Бас Гармаа, Цэрмаа хоёрын уулзалтыг харилцаа холбоо хөгжсөн энэ үед зохицуулж дүрсэлнэ гэдэг хүндхэн байлаа.
-Анхны Гармаа буюу Алтан-Өлзий гуай “Цэрмаатай үнсэлцэхэд маш их ичсэн” гэж ярьсан байдаг. Харин таны хувьд?
-Энэ удаа Цэрмаагийн дүрд Болормаа гээд бүсгүй тоглосон. Түүнтэй үнсэлцдэг хэсэгт зураг авахуулахдаа нэг их ичээгүй ээ (инээв). Хамгийн хэцүү нь Гармаа бороонд нороод, гаднаас даарч орж ирээд шатар тоглодог хэсэг бэрхшээлтэй, хүнд санагдсан. Цас ороод л, бороо ороод л эрс тэс уур амьсгалтай хаврын улиралд зургаа авсан даа.
Ч.Алтан-Өлзий: ХҮҮХЭН ЭРГҮҮЛДЭГ ДҮРД ТОГЛОЧИХЛОО ГЭЖ ИХ ИЧСЭН
Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий “Өнөр бүл” киноны тухай ийн дурсдаг юм.
–Таныг Гармаагаар л төсөөлдөг. Гармаагийн дүрийг та тодорхойлохгүй юу?
-Гармаа бол жинхэнэ хүний тухай дүр байж. Хүний төлөө өөрийгөө золиосолж чаддаг, хүн чанартай нэгэн. Би Гармаад хааяа атаархдаг юм. Одоогийн энэ нийгэмд Гармаа шиг хүн ховор шүү дээ.
-Кино зураг авалтын хамгийн хүнд хэсэг гэвэл?
-Кино зураг авалт арваннэгдүгээр сард эхэлж байсан. Гармаагийн амралтанд согтуу орж ирдэг хэсгийн зургийг эхэлж авч байсан. Тэр хэсэг л одоо бодоход хүнд байсан юм болов уу. Кинонд бараг машин явахгүй, цэлгэр зам гардаг. Энэ нь кино багийнханд бэрхшээл болж байлаа. Хотын хэсгээр машинтай явдаг хэсгийг авах гэтэл машин явдаггүй. Тэр үед Д.Жигжид гуай Замын цагдаагийн газар очоод Төв шуудангийн замын хөдөлгөөнийг 15 минут хаах зөвшөөрөл гуйжээ. Цагдаа дугуй төмөр дээрээ зогсоод 15 минут хөдөлгөөн хааж байгаад олон машинтай болохоор явуулсан гэнэ. Гэхдээ л их боллоо гэхэд 10 гаруй машин явж харагддаг. Энэ бол Улаанбаатарын сонин, содон зураглалын нэг юм.
-Киноны хамгийн гол хэсгийн нэг нь таны Цэрмааг үнсдэг хэсэг. Тэр зургийг авахуулахад ичиж байв уу?
-Хамгийн хэцүү, хөлс гаргаж авсан хэсэг шүү. Д.Жигжид гуай үнс гээд байдаг. Би яах юм бэ гээд ичээд байдаг. Тэгээд үнсэхээр л ингэж үнсдэг юм уу гээд загнана. Амралтынхан ирээд шавчихсан. Олон хүний хажууд хүүхэн үнсэнэ гэхээс л нүүр улайгаад болдоггүй. Дараа нь хүүхэн эргүүлсэн кинонд тоглочихлоо гэж ичиж байсан юм даг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам дүрдээ улам дурлаж, Гармаа гэж дуудахад нь эргэж хардаг болсон байна. Харин “гажиг” Гармаа гэхэд их эвгүй, дургүй хүрмээр санагддаг шүү гэжээ. Тэрээр “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийх бодолтой явдаг гэсэн.