Categories
мэдээ нийгэм

УНТЭ 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 сая төгрөг олгов DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-нд батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна.

Тус шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг Эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж “Нэг худалдан авагчийн тогтолцоо”-нд шилжээд байна.

Тэгвэл Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлснээс хойш ямар өөрчлөлт гарсан талаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг /УХТЭ/, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг /УГТЭ/, Хавдар судлалын Үндэсний төвийн /ХСҮТ/ удирдлагууд мэдээллээ.

Тухайлбал, УНТЭ энэ онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд 30 сая хүртэлх төгрөг олгосон талаар УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал “2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон. Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орж байгаа.

Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байгаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өмнө нь тоног төхөөрөмж, багаж зэрэг эвдэрсэн тохиолдолд Эрүүл мэндийн яам болон бусад газар руу мэдэгдэж, засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр бид засвар үйлчилгээгээ түргэн шуурхай хийгээд явж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *