Categories
мэдээ нийгэм

Өнжмөл шар өвс шатааснаас гал гарах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна

Өнгөрсөн хоногт /2021.04.09/ Онцгой байдлын байгууллагад иргэдээс ахуйн гал түймрийн 5 дуудлага ирсний дийлэнх хувийг шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага эзэлж байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгорморьт багийн 1 дүгээр гудамжинд Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид ажиллан иргэн Б-гийн 0.5 га хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 хороо, Сурагчийн 85 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Б-гийн 5 ханатай гэр, 9×5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын 1 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Т-ын хашаанд 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 2 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Хэнтий аймгийн Дадал суманд Агац багийн “Угалзын-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т сумын төвөөс урд зүгт 20 км-т/ /2021.04.09/ өвөлжөө шатсан тухай дуудлагаар /2021 04.09/ тус сумын ЗДТГ-ын албан хаагчид ажиллан малчин Б-гийн 50х30 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 6 дүгээр гудамжны 40 тоот Байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Т-гийн 35х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан байна.

Иймд, хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ил задгай гал түлэхгүй байх, хашааны өнжмөл шар өвсийг шууд шатаахгүй байх, шатаах тохиолдолд зориулалтын тагтай төмөр саванд хийж шатаах, эсвэл шуудайд хийж хогийн цэгт хаях, гагнуур хийхгүй байхыг анхааруулж байна.

Мөн бага насны хүүхдэдээ хараа хяналт муу тавьснаас үүдэн хүүхдүүд чүдэнз, галт хэрэгслээр тоглосноос болж, шар өвсний түймэр гарах тохиолдол гарч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *