Categories
мэдээ цаг-үе

“Универсиад” их наадмын мөнгөн медальт Б.НАРАНТУЯА: Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох

Универсиад наадмын пүүл биллиардын хосын төрөлд хүрэл медаль хүртсэн баг. Баруун гар талынх нь Б.Нарантуяа

Тайванийн Тайпей хотноо болж өнгөрсөн Дэлхийн оюутан, залуучуудын “Универсиад” их наадмын пүүл биллиардын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсад дуурсган ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Баярсайханы Нарантуяатай ярилцлаа.


-Юуны өмнө Дэлхийн оюутны их наадамд амжилттай оролцож, төрийнхөө далбааг мандуулсанд баяр хүргэе. Бэлтгэл сайн байв уу?

-Баярлалаа. Энэхүү наадам олимпийн дараа орох чансаа өндөр том тэмцээн. Универсиад их наадамд энэ жил дэлхийн 160 гаруй орноос 8000 орчим тамирчин хүрэлцэн ирж, спортын 19 төрлөөр өрсөлдсөн байна лээ. Үүнээс пүүл биллиардын төрөлд олон улсын шилдэг 32 тамирчин оролцсон. Миний хувьд шөвгийн наймд Солонгосын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, хагас шигшээд Тайванийн тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авснаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм. Бид хоёр их удаан тоглосон л доо. Эцэст нь би 6:9-ын харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртсэн.

-Алтан медалийн төлөөх тоглолтод яагаад хожигдов. Өрсөлдөгч тань чансаатай байв уу?

-Яг алтан медалийн төлөө тоглохдоо сэтгэл санааны хувьд ч гэх үү тийм айж, бэргэсэн зүйл байгаагүй л дээ. Харин мөнгөн медалийн төлөө Тайванийн алдартай тамирчин дэлхийн аварга хүнтэй тоглосон болохоор хожих болов уу гэсэн бодол төрж байлаа. Бага зэрэг итгэл муутай тоглосон ч гэлээ хожсондоо маш их баярласан. Хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хожчихсон болохоор аваргын төлөөх тоглолт тийм ч хэцүү санагдаагүй юм. Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэдэг шиг юм болсон доо (инээв). Алтан медалийн төлөө дахиад Тайванийн тамирчинтай тоглож, хожигдсон.

-Та багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Ганцаарчилсан болон багаараа тоглоход аль нь хэцүү байдаг бол?

-Хосын төрлөөр оролцох нь илүү хэцүү л дээ. Учир нь өөрийнхөө анхаарлыг болоод тоглолтын төлөвлөгөөгөө бүрэн гаргаж чаддаггүй. Ер нь ганцаарчилсан төрөл нь амар санагддаг. Манай улсын эрэгтэй, эмэгтэй тамирчид пүүл биллиардын багийн төрөлд аль аль нь хасагдах шатны тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орон Тайванийн багтай хийсэн. Тайванийн багийн хувьд бүрэлдэхүүндээ дэлхийн аварга тамирчин багтаасан шилдэг баг байсан. Тэр ч утгаараа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, хүрэл медаль хүртсэн. Харин манай улсын баг эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

-Пүүл биллиардын хэд хэдэн дүрэм бий. Энэ удаагийн наадам аль дүрмээр нь явагдсан бэ?

-Есөн шааригны дүрмээр тоглосон. Биллиард сонирхогчид мэднэ дээ. Ширээн дээр нэгээс ес хүртэлх шаариг байдаг. Түүнийг нэг дугаартайгаас нь эхэлж оруулсаар хамгийн сүүлийн шаариг буюу ес дугаартай бөмбөгийг оруулсан тоглогч хожил авдаг юм.

-Өмнө нь Универсиад наадамд пүүл биллиардын төрөл байгаагүй санагдах юм?

-Тийм ээ. Пүүл буюу ногоон ширээний биллиардын төрөл энэхүү наадамд багтдаггүй байсан л даа. Энэ жилийн Универсиад их наадам Тайваньд болсон болохоор зохион байгуулж буй эзэн орон спортын нэг төрөл нэмэх эрхтэй байдаг юм. Энэхүү спорт Тайваньд сүүлийн жилүүдэд их хурдацтай хөгжиж байгаа. Тийм болохоор аль чадах спортоо нэмж оруулсан байх. Гэхдээ дэлхийд биллиардын спорт хамгийн сайн хөгжсөн, хамгийн алдартай тамирчидтай улс бол Хятад шүү дээ. Өнөө цагийн биллиардын шилдгүүд, чансаагаараа дэлхийд тэргүүлдэг нь Хятад тамирчид юм.

-Анх биллиардыг хэнээр заалгаж, тоглож сурсан бэ?

-Манай гэр бүл 100 айлд, нэг давхар улаан тоосгон барилгын материалын дэлгүүрийн ард талын хашаанд манаач хийж амьдардаг байлаа. Аав, ээж, ах, эгч гээд бүгд л дор бүрнээ ажил хийж, амьдралаа авч явдаг байв. Тухайн үед би ч гэсэн аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр чихэр, печень, ундаа, ус аваад зарж, олсон хэдэн төгрөгөө гэр бүлийнхээ орлогод нэмэрлэдэг байсан. 100 айл орчмоор ингэж явахдаа биллиард тоглож байгаа хүмүүсийг хараад гоё санагдаж, өөрөө тоглож үзэх юмсан гэж боддог байв. Нэг өдөр аав маань найзуудтайгаа биллиард тоглох үед би хамт явсан юм. Аав маань надад биллиард яаж тоглохыг зааж билээ. Тэр цагаас хойш өнөөх биллиардын газраас салахаа байсан даа.

-Спорт болгон хүний эрүүл мэндэд ашигтай гэдэг. Тэгвэл биллиардын спортоор хичээллэснээр хувь хүнд ямар давуу талыг бий болгох бол?

-Мэдээж хэрэг ямар ч спортоор хичээллэсэн хүний биед сөрөг үр нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой. Би багаасаа энэхүү спортоор хичээллэж, тоглож өссөн болохоор ашиг тусыг нь мэдэрч л байдаг. Биллиард нь тооцооллын спорт шүү дээ. Би энэ үгийг хэлэх дуртай. Шатартай л адилхан гэсэн үг. Яаж нүүхэв гэж их боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадахыг харж тоглоно гэдэг шиг л гурван цохилтын цаадахыг харж байгаад л тоглодог. Нэг л алдвал хожих боломж эрс буурна. Бараг найдлагагүй. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг спорт. Ингэснээрээ оюуны спорт, харааг тогтворжуулж, сайжруулдаг хэмээн багш нар маань хэлдэг. Тэр ч үнэн байх. Энэ спортын өөр нэг давуу тал нь хөдөлгөөн. Харахад ширээ тойрч, алхаад хэдэн цохилт хийчихээд сууж байгаа мэт боловч яг үнэндээ биллиард тоглох үедээ өөрийн мэдэлгүй таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Яагаад ч юм биллиард тоглохоор миний санаа зовж байсан зүйлс мартагддаг шүү. Тоглож байхдаа сандраад л “одоо яанаа” гээд байх юм бол шааригаа огт цохиж чадахгүй. Сандрах, айж балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадалгүй бие салганаж эхэлнэ. Тийм учраас сэтгэл санаагаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэр ч утгаараа биллиард тоглох нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадвар бий болгодог гэж боддог.

-Өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?

-2009 онд одоогийн “Шайн” клубээс зохион байгуулсан тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэндээс л тэмцээн уралдаан гэж юу байдаг талаар ойлголттой болсноор амжилтын гараагаа эхлүүлсэн. 2013 онд Инчоны Азийн наадамд оролцож “Хүндэт диплом”, 2014 онд “China open” тэмцээнд оролцож шилдэг 32 тоглогчийн нэгээр шалгарсан, “Ногоон ширээний дэлхийн аварга”-д хоёр удаа явж байсан. Ер нь биллиардын ямар ч тэмцээн хувь тамирчдын рейтингээс шалтгаалахгүйгээр нээлттэй байдаг. Ямар ч хүн явж болно. Хамгийн гол нь хувиасаа зардал гаргах л хэцүү. Энэ асуудал дээр л манай монгол тамирчид гацаад байгаа юм.

-Ойрын хугацаанд ямар уралдаан, тэмцээнд оролцохоор бэлдэж байна вэ?

-Ирэх нэгдүгээр сард “Ногоон ширээний” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятад улсад зохиогдоно. Ойрын хугацаанд болох хамгийн том тэмцээн энэ л байна. Яг оролцох, үгүйгээ хэлж мэдэхгүй юм. Уг нь ирэх жилийн дэлхийн аваргад оролцох хүсэл их байна. Гэхдээ олон улсын тэмцээн уралдаанд оролцохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Ер нь ихэнх тамирчид хувийн зардлаараа гадаадад болж буй тэмцээн, уралдаанд оролцдог шүү дээ. Энэ л асуудал болж байна. Гэхдээ ирэх жилийн дэлхийн аваргад оролцохыг хичээнэ.

-Өөрөө ямар мэргэжлээр сурч байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Отгонтэнгэр их сургуулийн санхүүгийн ангийг өнгөрсөн хавар төгссөн. Анх энэхүү мэргэжлийг сонгохдоо дурлаж, сонирхож ороогүй (инээв). Ер нь санаандгүй л сонгосон гэж хэлж болно. Өмнө сургууль соёл гээд биллиардын спортод бүрэн анхаарал тавьж чаддаггүй байлаа. Харин одоо их сургуулиа төгссөн болохоор цаг зав гайгүй болсон. Тийм болохоор өөрийн бодож, санаж, зорьж байгаа дэлхийн аварга хэмээх эрхэм амжилтад хүрэхийг хичээнэ.

Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох. Энэ спортоор багаасаа сонирхон хичээллэсэн болохоор эцсийг нь үзнэ л гэж бодож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *