Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнгөт чулуу сонирхогчид болон эрдэмтэн судлаачид зөвлөлдөв

Өчигдөр “Чулууны гайхамшиг” үзэсгэлэнгийн талаар уулзалт ярилцлага Богд хааны ордон музэйд боллоо. Тус үзэсгэлэн нь зөвхөн чулуугаар дагнасан анхны үзэсгэлэн бөгөөд ихэнхи бүтээл нь хорьдугаар зууны эхэн үед Богд хааны эдэлж хэрэглэж байсан зүйлс юм. Энэхүү бүтээлүүдийг 1984 онд тоолж, судалж хурааснаас хойш анх удаа дэлгэн тавьж байгаа гэдгийг тухайн үед тэрхүү ажилд хүчин зүтгэж явсан эрднийн чулуу шинжээч Б.Бямбасүрэн хэлэв. Энэхүү уулзалт ярилцлагад чулуу сонирхогч холбоод болон хувь хүмүүс ирж санал бодлоо солилцов. Мөн Монгол улсын ардын багш, доктор профессор Ж.Лхамсүрэн, Химийн ухааны доктор Б.Цэндээ нар хүрэлцэн ирж зөвлөгөөн явууллаа.

Геологийн төвийн өнгөт чулууны газрын дарга Б.Болд өнгөт чулууны талаар ингэж ярив. Тэрбээр “Монголд хашчулуу элбэг. Гэвч ихэнхи нь шавар болсон тааруухан хашууд байдаг. Харин орос тал руу ногоон туяатай сайн хашууд бий. Харин Эрдэнэтээс оюу чулуу сайн гардаг байсан. Сүүлийн үед шаварлаг оюу гарч байна. Чулуун эдлэлийг урлахын тулд алмазан багаж ашигладаг. Гэвч урлах явцдаа алдаа гаргасан тохиолдолд тухайн чулууг дахин ашиглах боломжгүй болдог. Өнгөт чулуун бүтээлийг маш нарийн зураг төслийн дагуу хийх хэрэгтэй.

Чулуунд ямар нэг тодорхойлсон дундаж үнэ байдагүй. Тухайн чулууны өөрийн онцлог шинж чанар болон хэлбэр дүрс тухайн чулууны үнэ цэнэ болдог. Жишээлбэл хүүхдээ тэвэрсэн ээжийн дүрстэй ижил дүрстэй чулуу байвал илүү үнд хүрэх бөгөөд урлал хийхэд ч хялбар байдаг. Чулууны хувьд гэвэл Европт тунгалаг өнгөтэй чулууг үнэтэй гэж үздэг. Азид хашчулууг хаадын чулуу гэж үзэн хүндэлдэг. Манайхан энэхүү чулууг гаанс, хөөрөг хийхдээ өргөн ашигладаг.” гэв.

Өнгөт чулуу шинжээч Б.Бямбасүрэн хурлын үеэр ингэж ярив. Тэрбээр “Анх 1984 онд Богд хааны ордон музейд хадгалагдаж байсан өнгөт чулуун бүтээлүүдийг судалж тоолох ажил явагдсан. Би тухайн үед тэрхүү ажилд хүчин зүтгэж явлаа. Тухайн үед тоолж бүртгэж байсан бүтээлүүд бүгд хэвэндээ байна. Сүүлийн үеийн бүтээлүүд нэг ч байхгүй гэж музейн захирал хэлсэн. Нээрээ ч тийм байна. Би маш тодорхой санаж байна. Тэр үеэс хойш Богд хааны музейд цөөхөн ирсэн. Энэ чулуунуудаар ямар нэг үзэсгэлэн гаргаагүй. Сүүлийн 30 гаруй жил анх удаа гарч буй үзэсгэлэн юм.

Эрднийн чулуу гэдэг нь ерөнхий нэр томьёо. Дотор нь эдийн засаг болон үнэлгээ талаас нь ангилж болно. Жишээлбэл гарал үүслийн талаас гурав ангилдаг. Нэгдүгээрт байгаль дээр байсан бүх чулууг байгалын чулуу гэнэ. Хоёрдугаарт нь байгалийн чулууг дууриалгаж хийсэн чулуу. Гуравдугаарт энгийн материал ашиглан хийсэн чулуу буюу хиймэл чулуу гэж ангилдаг. Энэхүү үзэсгэлэнгийн зарим бүтээлүүдийн шигтгээнүүд дунд шахмал материал байгаа. 1980-аад онд тооллого, судалгаа явуулж байхад байжил байсан. Хамгийн наад зах нь Хятад улс энгийн хиймэл чулуу хийдэг 300 орчим жилийн түүхтэй.

Байгаль дээр үүсэн чулуу хүний биед энерги өгдөг. Хиймэл болон дууриамал шахмал чулуунууд энерги өгнө гэж байхгүй. Өнөөдөр бид байгалийн чулуугаар хийсэн бүтээгдхүүнүүдээ доош нь хийж үнэгүй хаяж хиймэл, дууриамал чулуунуудаа хоосон үнэлж тэнгэрт гаргаад байна. Бидний хамгийн сайн мэдэх жишээ нь Австрийн Сваровски гэдэг шил юм. Чулуун шигтгээний ард талын үзүүр нь шовх байдаг. Тэрийг нь лазэрийн туяагаар цагиргалж буддаг. Ингээд олон төрлийн талст гараад нөгөө шил чинь солонгорч харагддаг” гэв.

Ихэнхи өнгөт чулуун бүтээлүүд гадагшаа худалдаалагддаг

Хятадууд өнгөт чулууг өндөр үнээр худалдаж авснаар газрын гадаргуу дээрхи чулуунуудыг ард иргэд түүж ихээр урагш гаргах болжээ. Улмаар манай улсад өнгөт чулуун бүтээл хийх түүхий эд хомсдсон аж. Өнөө үед манай бүтээлчид нарийн аргаар ховор нандин урлагийн бүтээл туурвидаг ч ихэнхийг нь гадны улсад худалдаалдаг гэдгийг тус салбарын эрдэмтэн судлаачид онцлов. Харин энэ талаар Монголын өнгөт эрднийн чулууны мэргэжлийн холбооны захирал Ё.Мажидсүрэн ярив. Тэрбээр “Өнгөт чулуу болох мана, гартаамалуудын сор болсон ховор чулуунууд гадны оронлуу их хэмжээгээр гарч байна. Монголдоо хийсэн сор бүтээлүүдээ дотроо хэрэглэвэл илүү өгөөжтэй байх. Дорноговь, ер нь говийнхон маш сайн хөөрөг урладаг болсон байна. Чулуун болон гоёлын хөөрөг бүтээдэг компани хүртэл байгуулагдсан. Мөн эмэгтэй хүний зүүлт, сондор зэргийг хийж байна. Дэлхий нийт сийлбэрийн урлаг болон өнгөт чулууг судлах хандлага бий болсон. Манай улс ч үнэт эдлэл түүх соёлоо дэлхий дахинд сурталчлах хэрэгтэй” гэв.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *