Өнгөрсөн шөнө долоон аймгийн 20 суманд -33°C хэмээс бага температуртай хүйтэн хоносныг ЦУОШГ-аас мэдээллээ.
Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -43°C, Увс аймгийн Тэс суманд -40°C хэм хүрч хүйтэрсэн нь хамгийн хүйтнээр бүртгэгджээ.
Манай орны хамгийн бага температур 1966 оны арванхоёрдугаар сарын 26-нд Увс аймгийн Зүүнговь суманд бүртгэгдсэн бөгөөд -55.6°C хэм хүрч хүйтэрч байжээ.
Дэлхийн хамгийн бага агаарын температур 1983 оны долдугаар сарын 21-ний өдөр Антарктид тивд байрлах тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Восток станцад -89.2°C (-128.6°F) градус хүрсэн гэж бүртгэгдсэн байдаг байна. Тухайн өдөр нь нарны цацраг байхгүй, цэлмэг тэнгэр, агаар удаан хугацаанд тогтуун мөн станцын өндөр зэргээс хамаарч эрс хүйтэрсэн гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг байна.
Энэ тохиолдлыг Дэлхийн цаг уурын байгууллагаас 2011 онд албан ёсоор хамгийн бага температураар бүртгэн авчээ.