Өнгөрсөн сард ОХУ газрын тос, байгалийн хийн экспортоосоо төсөөлж байснаас бага орлого олсныг өчигдөр тус улсын сангийн яам мэдээлжээ.
Гуравдугаар сард тус улс 488 тэрбум рублийн ($5.8 тэрбум) эрчим хүчний түүхий эд экспортолсон байна. Энэ нь өмнө төлөвлөж байсан 790 тэрбум рублийн орлогоос 38 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Кремлийн удирдагчид Украины дайны үр дагаврыг дутуу тооцоолсон нь эндээс харагдаж буйг зарим ажиглагчид онцолсон байна.
ОХУ бол дэлхийн газрын тосны томоохон олборлогчдын нэг, байгалийн хийн топ экспортлогч юм. Европ тивийн орнууд байгалийн хийн хэрэгцээнийхээ 40 хувийг ОХУ-аас импортолдог.
Гэвч Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнууд Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс татгалзаж эхлээд байгаа.
ОХУ-ын сангийн яам дөрөвдүгээр сард 798.4 тэрбум рублийг газрын тос, байгалийн хийн экспортоос олохоор төлөвлөжээ.
АНУ-ын засаг захиргаа Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс татгалзахаар болсон бол Европын Холбоо энэ онд багтаан Оросоос авдаг байгалийн хийн хэмжээгээ гуравны хоёроор бууруулах амлалт авсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Литва улс Оросын байгалийн хийгээс бүрмөсөн татгалзсан Европын Холбооны анхны гишүүн болсноо зарлажээ.
2021 онд тус улс нийт хэрэгцээнийхээ дөрөвний нэг орчмыг ОХУ-аас импортолж байсан бол одоо бүрэн тэглэж байна. Литва улс одоо АНУ, Норвеги улсуудаас шингэрүүлсэн байгалийн хий авдаг болжээ.