Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн сарын импорт, экспортын дүнг танилцууллаа.
Өнгөрсөн сард манай улс нийт арван төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНТУ, Вьетнам зэрэг орнуудаас худалдан авч хэрэглэжээ. 2019, 2020 оны мөн үетэй харьцуулахад хүнсний импорт ихээхэн өссөн байна. Улаанбуудайн импорт хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал 188 хувь буюу хамгийн өндөр хувиар өсчээ.
Импортын гол нэрийн бүтээгдэхүүний эхний таван сарын татан авалтын тоо, хэмжээ ч мөн өнгөрсөн оныхоос өссөн байна. Тодруулбал, өндөгний импорт 30.6 хувиар, өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 66.3 хувиар өсчээ. Харин элсэн чихрийн импорт 1.9 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард манай улс 345 мянган тонн хүнсийг импортоор авч хэрэглэжээ.