Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монголын Авто замчдын холбоотой хамтран энэ сарын 11-ний өдөр сургалт зохион байгуулжээ.
Авто замын салбарт 2018 онд Монгол Улсын төсөв, гадаадын гадаадын зээл тусламж, хөнгөлттэй зээл, орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1420.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, 15 гүүрийн барилга, их засварын ажил, 2 нүхэн гарцын барилгын ажлыг хийжээ. Мөн улсын чанартай 12.967 км авто замын засвар арчлалтын ажил зэрэг төсөл арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас авто замын ажилд хийсэн хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 1662 зөрчил илрүүлэн 80 орчим хувийг нь газар дээр нь арилгуулжээ.
Сургалтаар ЗТХЯ-наас авто замын салбарыг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, МХЕГ, НМХГ-аас авто замын барилга, засварын ажилд гарч буй нийтлэг алдаа, дутагдал, анхаарах асуудал, МХЕГ-ын ХНХТХГ-аас эрсдэлийн менежмент авто замын салбарт үүсэх аюул ба аюулын шинжилгээ, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах арга зүй, нийгмийн хамгаалалд анхаарах асуудлаар мэдээлэл өгчээ.
Түүнчлэн эрсдэлд суурилсан дотоод хяналт шалгалт хийх арга зүй, “Авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм” ЗЗБНбД 15-002-2016-ийн талаар танилцуулав.
Энэхүү сургалтад 61 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд хамрагдсан. Тус салбарт илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын салбарын барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажил эхлэхээс өмнө сэрэмжлүүлэх, шаардлагатай мэдээллийг хангуулах, иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн ажлыг аяны хүрээнд үргэлжлүүлэн хийх аж.